Монгол цэргүүд Ялалтын баярын жагсаалд өнөөдөр алхана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-09 09:42:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатарын цагаар өнөөдөр 15.00 цагт эхэлнэ.


Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргизстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ОХУ-д дөрөвдүгээр сарын 25-нд очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистаны цэргийн багтай байрлан бэлтгэлээ хийжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт өчигдөр оролцжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар дайчдадаа цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцож, монгол цэргийн цог жавхааг сүр жавхлантайгаар харуулахыг захьсан байна.


Энэхүү жагсаалд оролцох дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан командлах бөгөөд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2 багтжээ. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг таван хүнтэй байна.








Связанные новости