Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-09 17:49:05

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ЭЗХЯ-наас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.



Манай улс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд баталж, 11 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Салбарын яамнаас хуулийг шинэчилж, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дэмжих, урамшуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар Гадаадын хөрөнгө оруулалын тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь энэ юм. 



Монгол Улсад өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 4.7 их наяд төгрөг орж иржээ. Энэ нь өмнөх оныхоос 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт байна. Манай улсад хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчид цөөнгүй ч хууль эрх зүйн тогтворгүй байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт сул зэрэг нь саад болдог. 

Монголд ирээд 10 жил болж буй, Тритила Адвисорс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томаш Бравенец ярихдаа, "Би банкир мэргэжилтэй. Хөрөнгө оруулагчид  Засгийн газраас тогтвортой, найдвартай, бизнест ээлтэй хууль эрх зүйн орчныг хүлээдэг. Монгол Улс өөрт байгаа боломжоо ашиглаж хөрөнгө оруулалт татахын тулд бусад улстай өрсөлдөх хэрэгтэй. Мөнгөн санхүүжилтээс гадна нөү-хау-г сурах хэрэгтэй" хэмээв.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Баярхүү ярихдаа, "Гадны хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал маш чухал. Татварын орчин тодорхойгүй байх нь урт хугацааны шийдвэр гаргаж, бизнес хийхэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хуулийн шинэчилсэн төсөлд татвар, хууль, байгаль орчны нөлөөлөл зэрэг зохицуулалтыг тодорхой болгоно. Гадаадын ААН 20, дотоодын ААН 10 хувийн суутган татвар төлдгийг ижил түвшинд хүргэх тухай ч ярьж байна. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг зөвхөн нэг газар төвлөрүүлэх бус бусад яам, агентлаг, төрийн байгууллагад шилжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд анализ хийж, бодлогын зөвлөмжийг холбогдох байгууллагад өгнө. Гадны хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг хязгаарласан хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын заалтыг багасгах гэхчлэн зургаан бүлэг асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэлээ.




 

Связанные новости