СЭЛЭНГЭ: “Монголын нууц товчоо”-г олон янзаар урлан бүтээжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг
соёл, номын өдрүүд-2025"-ийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж
байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр улс орон даяар эх хэлээ эрхэмлэн дээдлэх, ном соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан "Монголын нууц товчоо”-ны содон хувилбаруудын талаар сонирхуулж байна.
"Монголын нууц товчоо"-г
судлах, цуглуулах ажил дэлхийн хэмжээнд эрчтэй өрнөж байна. Өдгөө Монгол, Япон,
Америк, Герман, Хятад зэрэг 60 гаруй улс "Нууц товчоо" -ны олон
бар хэвлэлийг цуглуулан хадгалж байна.
“Монголын нууц товчоо” зохиол шинэ хэвлэл, хялбаршуулсан хувилбар, хураангуйлсан товч, үндсэн эхээс нь галиглан буулгасан хувь, цахим хувилбар, сонсдог эх гэх мэт олон янз байдаг. Тодруулбал,
-Торгон дээр урласан Монголын нууц
товчоо:
Монголын нууц товчоог бүрэн эхээр нь
180 метр торгон дээр зүү ороох болон хонин холбоос оёдлоор оёжээ. Их Монгол Улс
байгуулсны 800 жилийн ойд зориулан ээж Т.Сумъяа, охин н.Гуамарал, охины
найз н.Хэрлэн нар оёсон байна.
Бүтээлд 12500 цагийг
зарцуулсан бөгөөд ажлын өдөрт шилжүүлбэл нийт 5 жилийн хөдөлмөр юм. Энд 18
түүхэн зургийг мөн оёсон байна. Мөн “Монголын нууц товчоо”-ны 191793 ширхэг
үсгийг нэг бүрчлэн оёж, 18 ширхэг уран хатгамал зураг, 45 ширхэг зээгт наамлаар
чимэглэжээ. Энд нийт 5280 мөр бичээс болжээ.
Монголын нууц товчоог торгон дээр
урлахыг сэтгүүлч, зохиолч Х.Энхбат санаачилсан байдаг. Урлагч Т.Сумъяа
цэцэрлэгийн багш мэргэжилтэй, түүний охин Гуамарал МУИС-ийг монгол хэл, уран
зохиолын багш мэргэжлээр төгсжээ.
-Алт, мөнгөн үсэгт, эрдэнийн
шигтгээт Монголын нууц товчоо:
Монгол Улсын Ерөнхийлөгч
Н.Багабандийн зарлигаар шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун
шигтгээт Монголын нууц товчоо цор ганцыг бүтээж Төрийн ёслол хүндэтгэлийн
өргөөнд 2009 оны 2 дугаар сарын 24-нд залжээ.
-Монголын нууц товчоо – Комикс:
Германд амьдардаг монгол зураач
Э.Отгонбаяр “Монголын нууц товчоо”-г комикс хэлбэрээр бүтээсэн байдаг. Тэрбээр
13 жилийн турш комикс, монгол зураг болон Монголын түүх судалсны үр дүнд 600
гаруй хуудастай уг номоо дуусгажээ.
“Монголын нууц товчоо” комиксыг
миниатюр зургийн аргаар бүтээж, герман хэлээр тайлбарласан байна. Тэрбээр
Берлин хотод “Монгол” нэртэй галерейг ажиллуулж, нутаг нэгт уран бүтээлчдийн
үзэсгэлэн, тоглолтыг зохион байгуулдаг байна. Мөн тэрбээр уг бүтээлийнхээ талаар
““Монголын нууц товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг.
Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан
бас л ойлгохгүй шүү дээ.
Монгол зураг бол номын зураг, тэр
тусмаа комик зурагт их тохиромжтой. Миний санаа энэ зургаас монгол комик загвар гаргаж, Монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас
нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон
цуглуулж уншдаг. Тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог, мөн залуудаа сурсан
мэдсэн зүйл амьдралд үлддэг.
Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй
энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргавал шинэ залуу
үеийнхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож
болно” хэмээн ярьжээ.
-Эсгий дээр ширсэн Монголын нууц
товчоо:
“Монголын нууц товчоо”-г 108 метр
эсгий зээгт ширмэлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар
урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй эхнэр
Нарантуяа нарын санаачилгаар Монголын 21
аймаг болон Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргизийн монгол туурга
нэгт 5000 гаруй урчууд бүтээсэн байна.
Уг бүтээлийг урлах явцад 4000 гаруй
хүмүүст зээглэн ширэх оёдлыг заажээ. Энэхүү бүтээлд ямар нэг үг үсэг
орохгүй, бүх утга агуулгыг эсгий дээр дүрсэлж, түүнийгээ зохицох өнгөөр будна
гэдгийг урлаач Д. Нэргүй, Ж.Нарантуяа нар онцолсон байдаг.
Энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.







