Израилийн судлаачид ХДХВ-г эмчлэхэд хэрэгтэй протейныг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-03 14:35:06

ЙЕРУСАЛИМ. /Anadolu/. Хүний дархлал хомсдлын вирус буюу ХДХВ-ийг эмчлэхэд тус дөхөм болох “Гамора” гэдэг уургийг Иерусалимын Еврейн их сургуулийн эрдэмтэн судлаачид саяхан нээн илрүүлжээ.

Судлаачдын ярьснаар, энэ төрлийн уураг нь ДОХ-ыг үүсгэгч ХДХВ-ийг 97 хувиар багасгаж чадах аж.

Еврейн их сургуулийн судлаач Абрам Лойтер “бидний олж илрүүлсэн уураг нь ХДХВ-ийн халдвартай эсүүдийг устгаж байна. Халдвартай эсүүдэд нэг өдөр ч амьдрах боломж олгодоггүй” гэж ярилаа.

ХДХВ нь халдвар авснаас хойш дархлааны тогтолцоонд маш хурдацтайгаар тархаж, уг вирусийн халдвараас бие махбодийг хамгаалдаг эсүүдийг гэмтээдэг байна.

Одоогоор энэ халдварт өвчнийг бүрэн эдгээж чадах эмчилгээ, эм тариа гараагүй байгаа боловч халдвар тархах явцыг удаашруулах, бусад эсүүдэд халдвар тархах эрсдлийг бууруулах зорилгоор өдөр тутмын “коктейль” эмчилгээний аргыг хэрэглэж байна.

Израилийн мэргэжилтнүүдийн ярьснаар, тус улсад ХДХВ-тэй 7500 хүн амьдардаг бөгөөд жил бүр уг вирусийн халдвар авсан 450 тохиолдол шинээр бүртгэгддэг ажээ.

Шинээр олж илрүүлсэн уургийн клиник туршилтыг нэг жилээс хэтрэхгүй хугацааны дотор хийж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Г.Доржханд

 

Связанные новости