Яруу найрагч нар ямар шүлгийг амтархан уншдаг байв?

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenebat@montsame.mn
2025-05-18 08:15:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын номын баяр нийслэлийн төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөгийн номын баярын хоймор эзлэн суугаа зохиолчдоос хүүхэд байхдаа амтархан уншдаг байсан яруу найргийн бүтээлүүдээс нь сонирхсон юм. 


-Та хүүхэд байхдаа ямар ямар шүлгийг унших дуртай байв? 

Ж. Нэргүй: -С. Дашдооров, Б.Явуухулан, Ц. Цэдэнжав гуай нарын ном хүүхэд байхад хэвлэгдэж байлаа. Тэднийг чинь уншина, цээжилнэ.


Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” ном, 1982 онд Д. Нямсүрэнгийн “Хаврын урсгал” ном 1984 онд гарсан. Тэр үед залуу байжээ.


Б.Лхагвасүрэн гуайн анхны номын шүлгүүдийг бүгдийг цээжилсэн байсан шүү. Түүнээс хойш дараагийн үеийнхний шүлгийн түүврүүд гарсан, тэр шүлгүүдээс бас л цээжилж байжээ. Одоо ч уншиж байна.


ОХУ-д сурч байхдаа, тэнд хамт суралцаж байсан нөхөдтэйгөө Сергей Есениний 5 шүлгийг хэн нь алдаагүй цээжээр унших вэ гэж бооцоо тавьж уншаад, түүнийгээ авч байсан тохиолдол надад бий.


М.Цэдэндорж, Б.Явуухулан гээд яруу найрагч, орчуулагчид орос, зөвлөлтийн олон сайхан яруу найрагчийн номыг орчуулсан. Тэр бүхнийг амтархан уншиж байлаа. Сүүлдээ өөрөө шүлэг орчуулдаг болсон байх юм.


Зохиолч О.Цэнд-Аюуш: Г.Аюурзанын гаргасан дэлхийн болон монголын сонгодог яруу найргийн ном, мөн Г.Мэнд -Оёогийн дэлхийн 2000 жилийн хугацаанд төрсөн сонгодог яруу найрагчдын гаргасан антлогуудыг унших дуртай. Б.Явуухулан, М.Цэдэндорж, Ж.Лхагва гуай нарын хуучин орчуулгуудыг уншдаг. Би хайртай яруу найрагчдынхаа номыг цүнхэлж яваад энд тэнд дуртай газартаа уншдаг. Шүлгийг цээжилж цаг алддаггүй юм.


-Яг одоо хэний ямар шүлэг санаанд чинь байна?

Ж. Нэргүй :

Тэлмэн зэрэглээн дунд

Эмнэг адуу шиг цовхчих

Тэр хөх мөнхийн уул

Миний хүүгийн уул

Ургах нарыг

Духдаж дүнхийн

Унах нарыг

Үүрч ханхайна.

Нар нь шингэдэггүй

Навч нь ганддаггүй

Хөх мөнхийн уул.

Хүүгээ сайн явааг дуулаад

Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн

Дуулж байна билээ.

Миний хүүгийн хөх мөнхийн уул.

Хөгшнөө нутаглуулчихаад

Дэргэдүүр нь уйлж өнгөрсөн

Уйлж байна билээ.

Миний хүүгийн хөх мөнхийн уул.

Алдрайхан ганц үр

Насны алганд заяахад

Адуунаасаа чиний морь гэж

Унага ногтолж өгье! гэтэл

Багадаж санагдахаар нь

Хөхөмдөг униарт талын хаяанаас

Дөл шиг цоролцох

Хөх мөнхийн уулыг чиний уул гэж

Хүүдээ алга дэлгэн зааж өгөөд

Бах нэгэн ханаж билээ.

Тэлмэн зэрэглээн дунд

Эмнэг адуу шиг цовхчих

Тэр хөх мөнхийн уул

Миний хүүгийн уул. Б.Лхагвасүрэн (“Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул”)


-Тэгвэл одоо таны цүнхэнд хэн гэж зохиолчийн ямар ном байна вэ?

Зохиолч О.Цэнд-Аюуш: Ж.Дашзэгвэ зохиолчийн  "Жаргаагүй үлгэр” гээд шинэ гарсан ном, Д.Мандахсангийн “Алтай ай” шүлгийн түүвэр байна. Энд тэнд авч явахад  “Алтай ай” их сайхан ном байгаа юм. Ямар ч шүлгийг нь харахад болно. Тухайлбал:

Бүгээхэн

Бүүд үдэш?

Ганцаардсан

Саарал өнгө…

Бодлогоширно.

Бор үдэш Үг хөглөрнө

Связанные новости