“Үзэсгэлэнт 4 улирал”-ыг судалбар зургаар мэдрэхүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-07 17:23:41

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргал бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ “Үзэсгэлэнт 4 улирал” нэртэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Уран бүтээлч Монгол болон гадаад орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, аж байдал, хотжилтын сэдвээр төрмөл мэдрэмж, бодит сэтгэлгээ, өөрийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа обьектив байдлаар, дүрслэн урлахын яруу сайхан бичилт, илэрхийллээр дүрсэлжээ.


МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргал ярихдаа, “Энэхүү “Үзэсгэлэнт 4 улирал”  үзэсгэлэнд дотоод болон гадаадад хийсэн судалбар зургийг багтаасан 90 гаруй бүтээлийг дэлгэж байна. Дотоод судалбарт Богдын ордон, Чойжин ламын сүм "Зонховын дуган" зэрэг онцлох бүтээл орсон. Харин гадаад судалбарт БНХАУ-ын Шиамэнь хотод сар гаруй хугацаанд туурвисан бүтээлүүд багтсан. Байгаль бол бидний багш. Байгаль өөрөө амьд, сүслэг оршихуй. Тэр бүхнээс би өнгө аясаа олж, зүрх сэтгэлээсээ зурсан бүтээлээ хүмүүст хүргэхийг зорьдог. Монголчууд бид эх орныхоо байгальд дуртай, түүгээрээ бахархдаг ард түмэн. Би ч мөн энэ сэдвийг дагнан 30 гаруй жил уран бүтээлээ туурвисаар байна” гэв.


Ташрамд дурдахад, “Үзэсгэлэнт 4 улирал” хэмээсэн  нь “Монголын дөрвөн улирал өөрөө гайхалтай үзэсгэлэнтэй. Улирал бүр өөрийн өнгө, аяс, сэтгэл татам төрхтэй байдаг учир ийнхүү нэрлэжээ. 

Тус үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл үргэлжлэх ажээ. “Үзэсгэлэнт 4 улирал” үзэсгэлэнгийн зургуудаас сонирхуулж байна.



"Нуурын уянга"  



"Богдын ордон"  



"Булган сумын төв" Архангай аймаг 

 


"Нэмэгтийн хавцал" Өмнөговь аймаг 



"Хээлэн урсах Хэрлэн гол" 2024 он 



"Онон гол" Хэнтий аймаг, Дадал сум 


"Ёлын ам" Өмнөговь аймаг 


"Аглаг бүтээлийн хийд"  


"Гулангоо арал"  БНХАУ, Шиамэнь хот


"Их бурхант Жанрайсэг" Дорнод аймаг 



 

Связанные новости