ГОВЬ-АЛТАЙ: Сар бүрийн сүүлийн пүрэв гаргийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар "Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийг батлуулж, сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гаргийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгосон юм. Үүнтэй холбогдуулан Есөнбулаг сумын 1-11 дүгээр цэцэрлэг, Хантайшир эрдэм цэцэрлэгийн аргазүйч, багш, эмч нарыг хамруулан зохион байгуулж сургалтын явцад хяналт хийжээ.
Тавдугаар сарын 23-нд Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд газар хөдлөлт, гал түймрийн аюулаас өөрийгөө хамгаалах дадлага, сургууль хийсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тус үйл ажиллагааг тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.