“Залуучуудын хөгжлийн стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-26 15:50:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, албан ёсоор баталлаа.


Монгол Улсын хүн амын 29 хувийг бүрдүүлж буй өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог хангах зорилгын хүрээнд 2024 онд шинэчлэн байгуулсан Засгийн газрын бүтцэд залуучуудын хөгжил, оролцоог тусгайлан анхаарч, бие даасан яамны үндсэн бодлого болгон хэрэгжүүлж байгаа аж.


Залуучуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаанаас дүгнэхэд, Монголын залуучууд халамж хүсэхээс илүү ая тухтай амьдрах орчин, дэд бүтэц, ажиллах таатай эрх зүйн боломж, дэвшилтэд технологид суурилсан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ, нийгмийн эерэг соёлыг хүсэж байна. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги”, "Боловсрол", "Хөдөлмөр эрхлэлт ба боломж", "Эрүүл мэнд ба зөв дадал", "Эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах хөгжих орчин", "Улс төрийн ба нийгмийн оролцоо", "Дэлхийн Монгол залуучууд эх орондоо", "Нүүдэлчин соёл уламжлал ба малчин залуучууд" гэсэн долоон зорилгын хүрээнд тодорхой үе шат, шалгуур үзүүлэлтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.


Монгол Улс олон улсад Залуучуудын хөгжлийн индексээр 2023 оны байдлаар 181 улсаас 0.770 үзүүлэлтээр 61-т эрэмбэлэгдэж байгаа ба “Залуучуудын хөгжлийн стратеги 2026-2030”-г хэрэгжүүлснээр 56-т эрэмбэлэгдэх боломжтой гэж дүгнэж байна.


Тус яам байгуулагдсан цагаасаа иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран залуучуудын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг, судалгааг зохион байгуулж иржээ.


Связанные новости