US Steel-ийг Японы компанитай нэгтгэхийг Д.Трамп дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 26 /CNBC/. “US Steel”, Японы “Nippon Steel” компаниудыг нэгтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжжээ.
"Энэ бол хоёр компанийн төлөвлөгөөт түншлэл байх бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын эдийн засагт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, хамгийн цөөндөө 70 мянган ажлын байр шинээр бий болно" хэмээн тэрбээр өөрийн “Truth Social” сүлжээнд бичжээ.
Трампын мэдэгдсэнээр, US Steel компанийн төв оффис Питтсбург хотод хэвээр үлдэх бөгөөд хөрөнгө оруулалтын ихэнхийг ирэх 14 сарын хугацаанд хийх ажээ.
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден US Steel-ийг 14.9 тэрбум ам.доллароор Nippon Steel компанид худалдах хэлцэлд үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ оны нэгдүгээр сард хориг тавьсан юм. Тэрбээр энэхүү хэлцэл нь АНУ-ын хувьд стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүсгэнэ гэж мэдэгдсэн юм.
Д.Трамп энэ асуудлаар цаашид ямар алхам хийх нь зүйтэй эсэхийг тодорхойлохын тулд судалж шалгахыг АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороонд (CFIUS) дөрөвдүгээр сард даалгажээ.
Тэрбээр энэ сарын 30-нд Питтсбург хот дахь US Steel компанид уулзалт зохион байгуулах гэж буйгаа мэдэгдсэн байна.
Nippon Steel компанийн хувьцааны ханш даваа гаргийн арилжааны явцад 2.3 хувиар өссөн байна. Харин US Steel компанийн хувьцааны үнэ баасан гарагт Д.Трампын мэдэгдлийн дараа 21.2 хувиар огцом өсжээ.