Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-29 09:53:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж буй.


Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн, “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашигладаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ” хэмээн ярилаа.


Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. 





Связанные новости