СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төслийн ажил үр дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-29 12:52:24

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ГХБХБГ-ын дарга С.Саруултөгс, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар АДРА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар төслөөс цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцон зөвлөлдсөн байна.


АДРА олон улсын байгууллага нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Органик хөдөө аж ахуйн түншлэл”, “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн” төслүүдийг 2018, 2022 оноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

 

“Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төсөл” нь 2 дахь шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд Орхон, Хангай үүлдрийн хонины үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, ноосны гарцыг сайжруулах зорилготой юм.

 

Төслийн явцад биотехнологийн дэвшилтэт арга болох дурангийн аргаар Австрали улсаас импортлон оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрийн гүн хөлдөөсөн үрийг ашиглан үр шилжүүлэн суулгах ажлыг 680 хонинд хийсэн нь үр дүнтэй болжээ.

 

Олон жил нутгийн монгол хонийг үржүүлж ирсэн манай оронд нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлсэн нь МАА-н салбарт хийсэн цоо шинэ эхлэл байв. 

 

Манай улс 1936, 1950, 1960, 1970 онд ОХУ-аас нарийн ноост Алтай, Аскани, Грознен, Өвөр байгаль, нарийвтар ноост Цигай, Прекос, Ромни-Марш, Куйбышев Грузин зэрэг үүлдрийн хонийг авчирч Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон “Орхон”, “Хангай”, “Тал нутгийн цагаан”, “Ерөө” гэсэн үүлдрийн хэсгийн хонийг бий болгосон нь хонины аж ахуйг хөгжүүлсэн амжилт гэж үздэг байна.

 

Нарийн, нарийвтар ноост хонь нь сүргийн дунджаар 3.5 кг жигд ноос өгч, амьдын жингээр нутгийн монгол хониноос 20 хувь илүү, чанар сайтай, Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицож үр төл, ашиг шимээ өгсөөр иржээ. 

Связанные новости