УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сурагчдын төлөөлөлтэй уулзаж, мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-01 10:40:56

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр тохиож буйтай холбогдуулан УИХ-ын урилгаар хүүхдүүдийн төлөөлөл тавдугаар сарын 30-нд Төрийн ордонд зочлов.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр УИХ-ын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Манай парламентын хувьд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, эрхийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох ирээдүйн эзэд болох хүүхдүүд та бүхэндээ болон Монгол Улсынхаа нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлж, эрдэм номдоо шамддаг, хөгжил дэвшилд тэмүүлдэг, эх оронч, бүтээлч, ёс суртахуунтай иргэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монголын бүх хүүхэд багачууд, эцэг, эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг Монгол Улсын Их Хурал, нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе” гэлээ.


Мөн сурагчдын санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэд сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох гээд олон чухал асуудлыг тусгасан аж.

Та бүхний санал, санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж, эрхийг нь хамгаалах, оролцоог нь дэмжин ажиллах нь бидний тэргүүн зорилго хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. 




Связанные новости