Гал зогсоох саналд ХАМАС хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-01 10:39:19

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 1 /NHK/. АНУ-ын санал болгосон гал зогсоох төлөвлөгөөнд хариу өгсөн гэж Палестины ХАМАС бүлэглэл бямба гарагт мэдэгджээ.


Америкийн дэвшүүлсэн саналд ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа 10 хүнийг хоёр удаагийн солилцоогоор сулласны хариуд 60 хоногийн хугацаанд эвлэрэхийг уриалж байгаа юм. Израилын тал АНУ-ын саналыг хэдийн хүлээн зөвшөөрсөн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн билээ.


Харин ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийг суллахтай холбоотой шинэ нөхцөлүүдийг дэвшүүлсэн байна. Арабын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, ХАМАС барьцааны арван хүнийг гурван удаагийн солилцоогоор суллах ёстой гэсэн хариу өгчээ. Талууд одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.


Гэвч бямба гарагт АНУ-ын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн төлөөлөгч Стив Уиткофф мэдэгдэхдээ, ХАМАС-ын өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх аргагүй гэжээ. “Яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхийн тулд бидний зүгээс дэвшүүлсэн саналыг ХАМАС хүлээн авах ёстой. Бид ирэх долоо хоногт нэн даруй эхлүүлэх боломжтой. Энэ бол 60 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрийг ойрын өдрүүдэд байгуулах цорын ганц арга зам юм” гэж тэрбээр хэлсэн байна.


Мөн бямба гарагт Израилын худалдааны томоохон хот болох Тель-Авивт томоохон жагсаал болжээ. Жагсагчид гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг Израил болон ХАМАС-т уриалсан байна. Жагсагчдын нэг нь NHK телевизэд мэдээлэхдээ, барьцаалагдсан хүмүүсийг эх оронд нь авчирч, дайныг хурдан дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Связанные новости