Ш.Коизүми ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-12 16:21:32

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 12 /Kyodo/. Японы Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсэн тухай ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэнээс хойш долоо орчим хоног өнгөрч байна.  


Ш.Ишибаг огцрохыг ятгасан гэгдэж буй Ш.Коизүми будааны үнийн огцом өсөлтийг зохицуулах хүчин чармайлтаараа олны анхаарлын төвд ороод байгаа юм. Ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү, 44 настай тэрбээр өнгөрсөн онд болсон ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөж байсан билээ.


Одоогийн байдлаар Гадаад хэргийн сайд асан Тошимицү Мотэги, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяши нар ирэх 10 дугаар сарын 4-нд болох сонгуульд нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаад байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи нар удахгүй болох сонгуульд оролцохоор төлөвлөж байна гэж намын эх сурвалжууд мэдээлжээ.


Ш.Ишибагийн гурван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах ёстой байсан 2027 оноос өмнө ээлжит бус сонгуулийг явуулах гэж буй нь энэ юм. Ш.Ишиба энэ оны долоодугаар сарын 20-нд болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ЛАН тааруу оролцсоны хариуцлагыг хүлээн огцорно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.

Связанные новости