Женевт хүрсэн тохиролцоог АНУ ноцтой зөрчиж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-02 16:35:55

БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 2 /Xinhua/. Хятад улсыг ялгаварлан гадуурхсан шинжтэй хязгаарлалтын олон арга хэмжээг удаа дараалан хэрэгжүүлснээр АНУ-ын тал Женевт хийсэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж Хятадын Худалдааны яам өнөө өглөө мэдэгджээ. 


Эдгээр арга хэмжээнд хиймэл оюунд зориулсан чипний экспортод хяналт тавихтай холбоотой заавар гаргах, чипний дизайны программ хангамжийг Хятадад худалдаалахыг зогсоох, хятад оюутнуудын визийг хүчингүй болгож буйгаа зарлах зэрэг багтсан гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, эдгээр үйлдэл нь энэ оны нэгдүгээр сарын 17-нд хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр хүрсэн тохиролцоог ноцтой зөрчиж, Хятадын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироожээ.  


АНУ худалдаа, эдийн засгийн шинэ маргааныг өдөөж байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаан дахь тодорхойгүй, тогтворгүй байдлыг улам хурцатгаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн “АНУ өөрийн үйлдлээ эргэцүүлэн бодохын оронд Хятадыг зөвшилцлийг зөрчсөн хэмээн ямар нэгэн үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь үнэн зөв мэдээллийг бүдүүлгээр гуйвуулж байна. Хятад улс эдгээр үндэслэлгүй мэдээллийг эрс няцааж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Мөн Хятад улс Америкийн харилцан татвар-ын эсрэг авсан холбогдох тарифын болон тарифын бус арга хэмжээнүүдээ цуцалж түдгэлзүүлснийг Хятадын төлөөлөгч тэмдэглээд, Женевийн хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоонд нухацтай хандаж, тууштай хэрэгжүүлэн, идэвхтэй дэмжиж ирсэн нь Хятадын хариуцлагатай байр суурийг илтгэж байна гэжээУлмаар Хятад улстай хамтран ажиллаж, буруу шийдвэрүүдээ даруй засаж залруулж, хэлэлцээний дүнд хүрсэн зөвшилцлийг хамтаар дэмжиж, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг АНУ-д уриалжээ. Хэрэв Америкийн тал буруу замаар үргэлжлүүлэн замнаж, Хятадын эрх ашгийг хохироосоор байвал Хятад улс өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авах болно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Связанные новости