Японд төрөлт анх удаа 700 мянгаас доошилж буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-06-04 16:58:21

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 4 /Kyodo/. Японд өнгөрсөн онд төрөлтийн тоо өмнөх оныхоос 5.7 хувиар буурч 686 061-д хүрснээр анх удаа 700 мянгаас доошилсныг засгийн газраас өнөөдөр танилцуулсан статистик мэдээлэл харууллаа. Япончуудын дунд гэрлэх, хүүхэд төрүүлэхээ хойшлуулах хандлага түгээмэл байгааг энэ үзүүлэлт харуулж байна. 


Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүний ​​амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2023 онд 1.2 байсан бол өнгөрсөн онд 1.15 болж түүхэн доод түвшинд хүрчээ. Ингэснээр төрөлтийн тоо болон төрөлтийн түвшин хоёулаа сүүлийн есөн жил дараалан буурч байна. Мөн төрөлтийн түвшин буурах хурдац нь одоогоор засгийн газрын таамаглаж байгаагаас 15 жилээр түрүүлж байна. Дээр дурдсан тоо баримтад гадаадын иргэдээс төрсөн хүүхдүүдийг оруулаагүй байна.


Харин төрөлтийн цаашдын төлөв байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болох гэрлэлтийн тоо 2024 онд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өсөж, 485 063 болсон нь өмнөх оныхоос 10 322-оор нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт 1 605 298 хүн нас барсан нь дайны дараах үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Японд 1973 онд 2.09 сая орчим хүүхэд төрж, төрөлт дээд цэгтээ хүрснээсээ хойш буурсаар байна. Энэ тоо 2016 онд 1 саяас, 2022 онд 800 мянгаас тус тус доошилж буурчээ. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэн 2039 он хүртэл төрөлт 680 мянгад хүрэхгүй гэж таамаглаж байжээ. Японы мужуудаар авч үзвэл, Токиод төрөлтийн түвшин хамгийн бага буюу 0.96, Мияги 1.00, Хоккайдо 1.01 байгаа бол өмнөд нутгийн Окинавад хамгийн өндөр буюу 1.54, Фүкүид 1.46 байна.


Связанные новости