Д.Трамп Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /svoboda.org/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй лхагва гарагт утсаар ярьжээ. Хоёр улсын удирдагчдын яриа цаг гаруй үргэлжилсэн байна.
“Бид Оросын нисэх онгоцны буудлууд руу хийсэн Украины талын довтолгоо, мөн хоёр талын бусад довтолгоонуудын талаар ярилцсан. Энэ удаагийн яриа үр өгөөжтэй болсон боловч шууд энх тайванд хүргэх хэлэлцээ биш юм. Ерөнхийлөгч Путин энэ цохилтод хариу цохилт өгнө гэдгээ дурдсан” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ.
Тэрбээр Путинтэй мөн Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцжээ. Иран улс цөмийн зэвсэгтэй болох ёсгүй хэмээн Д.Трамп мэдэгдээд "бид үүнтэй санал нэгдсэн гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна. Путин Ираны талтай хийх хэлэлцээнд оролцох санал гаргасан бөгөөд “түүний оролцоо асуудлыг хурдан шийдэхэд тус болж магадгүй” гэж тэрбээр бичсэн байна.
В.Путин Засгийн газрын гишүүдтэй хийсэн хуралдааны үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээс, мөн Украинд урьдчилан болзол нөхцөл тавихгүйгээр гал зогсоохоос татгалзаж байгаагаа илэрхийлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч түүнтэй утсаар ярьжээ. Путиний эдгээр мэдэгдэлд Д.Трамп тайлбар хийгээгүй байна.
Путиний туслах Юрий Ушаков хоёр удирдагч утсаар ярьсан талаар тайлбар хийхдээ, Украины тал Москватай хийж буй хэлэлцээг тасалдуулахыг оролдсон боловч бид "өдөөн хатгалгад автаагүй" гэдгийг Путин Трампад хэлсэн гэжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд айлчилж байгаа бөгөөд АНУ-аас Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг чангатгах асуудлаар хэлэлцээ хийж байгаа юм.
Орос, АНУ-ын удирдагчид Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш дөрөв дэх удаагаа утсаар ярьжээ.