ЗАВХАН: Цагаанчулуут сумын хүүхдүүд улсын уралдааны амжилтаа ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-05 18:06:24

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд анги хамт олноороо оролцдог чансаатай уралдааны ачаар Завхан аймгийн хүүхдүүдийн монгол бичгийн чадвар сайжирч хэрэглээ нэмэгдсэн байна.


Монгол хэл, бичгийн улсын 54 дүгээр олимпиадын анги нийтийн төрөл хийгээд "Үндэсний өв, соёлоо түгээгч, тээгч" анги нийтийн уралдаанд Завханы хүүхдүүд амжилттай оролцсон байна. Зарим сургуулийн анги хамт олон өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулсан нь сайшаалтай юм.


Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч монгол бичгийн анги нийтийн улсын уралдааныг сургалт судалгааны "Ертөнц төв" 2015 оноос уламжлал болгон жил бүр зохион явуулдаг.


Энэ уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн ангийн бүх хүүхдийг үндэсний бичгээрээ уншуулах, хичээнгүй бичүүлэх чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Уралдааныг 6, 7, 8, 9, ахлах 10,11, 12-р анги гэсэн таван ангиллаар зохион байгуулдаг. Багш, сурагчид уншлага, бичвэр гэсэн хоёр төрлийн даалгавар гүйцэтгэж уралдаанд оролцдог төдийгүй маш нарийн дэг, журмын дагуу зохион байгуулдаг онцлогтой.


Энэ уралдаанд "Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2025" улсын уралдаанд Улаанбаатар хотын 4 дүүрэг 17 аймаг оролцсон байна. Завхан аймгаас ерөнхий боловсролын сургуулийн 10 бүлэг оролцжээ. Үндэсний хэмжээнд 17 аймгаас Завхан аймаг 48 оноо авсан байна. Завхан аймгийн Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургуулийн С.Должинсүрэн багштай 6а анги өнгөрсөн жил 7-р байрт орж байсан бол энэ жил байраа ахиулж, 7а анги 2-р байрт орсон байна.


Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн А.Бүддагий багш хамгийн олон анги буюу 6а, 7а, 10а, б гэсэн дөрвөн ангийг бэлтгэж амжилттай оролцуулсан байна. Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн Ж.Батчулуун багш 6б, 9а гэсэн хоёр ангийг улсын уралдаанд бэлтгэж амжилттай оролцуулжээ.


Жил бүр анги хамт олноо бэлтгэж амжилттай оролцуулж байгаа багш нартаа талархаж байна. Уралдаанд тогтмол оролцож байгаа ангиуд амжилтаа ахиулж байна.


Үндэсний соёлын салшгүй чухал хэсэг болсон монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх. Ялангуяа хүүхэд багачуудад таниулах нь чухал юм. Эх хэлээ хамгаалж, баяжуулах. Өвлүүлж уламжлуулах, таниулж сургах нь багш бидний үүрэг. Тиймээс ирэх жилийн уралдаанд илүү олон хүүхдүүдийг хамруулах төлөвлөгөөтэй байна гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан арга зүйч Б.Золзаяа мэдээлэв. 


Связанные новости