ЗАВХАН: Сурагч А.Ариунболд чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-06 17:01:51

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн зуны спортын VIII дугаар наадамд Завхан аймгаас 166 тамирчин амжилттай оролцлоо. 


Наадмын чөлөөт бөхийн 15-17 насны хөвгүүдийн 110 кг-ын жинд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улиастай сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч А.Ариунболд тэргүүлж алтан медаль хүртжээ. Самбо бөхийн барилдаанд Завхан аймгийн хүүхдүүд мөнгө, хүрэл медаль хүртсэн.


Самбо бөхийн хөвгүүдийн 49 кг-ын жинд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ц.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ. Охидын 47 кг-ын жинд Завхан аймгийн Сантмаргац сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Л.Энхзул хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.


Завхан аймгийн "Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв" орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газрын усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчид тавдугаар байрт орсон байна. 15-17 насны 4х100м өврөөр сэлэх буухиа тэмцээний төрөлд Б.Бямбажаргал, Б.Солонго, Б. Маралмаа, Т.Намуун нар хүрэл медаль хүртлээ. Сурагч А.Бямбадорж гурван удаа финалд шалгарч 4-р байр, Б.Бямбажаргал гурван удаа финалд шалгарч 4-р байрт шалгарсан байна. О.Жамъяншарав, Н.Балжинням, Э.Баярцогт нар багийн буухиа төрөлд амжилттай оролцож хувийн амжилтуудаа ахиулсан байна гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв.


Ташрамд хүүхдийн спортын VIII наадамд 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. 

Самбо бөхийн охидын 47 кг-ын жинд Завхан аймгийн Сантмаргац сумын ерөнхий боловсролын сургуулийн

сурагч Л.Энхзул хүрэл медаль хүртжээ

Связанные новости