Хоёр долоо хоног үргэлжлэх сургуулилалтын үеэр эргийн болон тэнгисийн ажиллагаа явуулах, их буугаар буудах, шумбагч онгоц эсэргүүцэх, тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох зэрэг дасгал сургууль хийх ажээ.
НАТО-гийн тэнгисийн цэргийн сургууль Балтын тэнгист эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РОСТОК, 2025 оны зургаадугаар сарын 6 /DW/. НАТО-гийн орнууд жил тутам зохион байгуулдаг “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа пүрэв гарагт буюу өчигдөр Балтын тэнгист эхлүүлсэн тухай АНУ-ын Зургаадугаар флотын хэвлэлийн алба мэдээлжээ.
Сургуулилалтыг Европ болон Африк дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч, мөн АНУ-ын Зургаадугаар флот удирдан явуулж байна.
Энэ удаагийн сургуулилалт нь Германы Тэнгисийн цэргийн хүчний штаб байрладаг Росток боомтоос эхэлснээрээ онцлогтой. Тус боомтоос Германы “Magdeburg” корвет хөлөг онгоц, Францын “Vulcain” мина цэвэрлэгч зэрэг эхний хөлөг онгоцнууд хөдөлжээ. Сургуулилалтад 16 орны 40 гаруй хөлөг онгоц, 25 нисэх онгоц, 9000 орчим цэргийн алба хаагч оролцож байна.
"Энэ жилийн Baltops бол зүгээр нэг сургуулилалт биш юм. Энэ бол манай эвслийн шийдэмгий байдал, дасан зохицох чадвар, тэнгисийн хүч чадлыг илтгэн харуулж буй үйл явдал юм" гэж НАТО-гийн Тэнгисийн цэргийн цохилт, дэмжлэг үзүүлэх хүчний командлагч, дэд адмирал Жеффри Томас Андерсон мэдэгджээ.