“Англи хэлний мэргэшлийн төв”-ийг МУИС-д нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын Яам, МУИС, АНУ-ын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг өнөөдөр МУИС дээр албан ёсоор нээлээ.
Монгол Улс, АНУ хамтран “Англи хэлний төгөлдөршил” санаачилгыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Үүнийг бодит ажил болгон англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чиглэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яамны 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган төвийг нээж
үг хэлэхдээ, "Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохоо 2023
онд зарласан. Бид энэ өөрчлөлтийг сайшаан дэмжиж, бодит ажлууд хийж байна.
Англи хэлний мэргэшлийн төв нь хоёр улсын англи хэлний сургалтыг дэмжих
санаачилгын гол хэсэг юм. Энэ төвд Фулбрайтын англи хэлний туслах
багш нар, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд болон бусад сурган хүмүүжүүлэгч хамтран төрөл бүрийн хөтөлбөрийг зохион байгуулна. Мэргэшлийн төвийг манай
улсын Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд төвөөр дамжуулан сурган хүмүүжүүлэгчдийг
ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, нөөц бололцоогоор ханган инновац, боловсролыг
дэмжинэ. Цаашлаад монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд илүү
өрсөлдөх чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон юм.
МУИС-ийн дэргэдэх Англи хэлний мэргэшлийн төвийн захирал
Б.Отгонтуяа ярихдаа, “Энэхүү төв нь
үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Ахлах сургууль болон их, дээд сургуулийн багш нар, энэ мэргэжлээр сурч буй оюутнууд болон төрийн албан
хаагчдын англи хэлний чадавхыг сайжруулахад анхаарна. Цахим болон
танхимын сургалтын хөтөлбөрийг боловсруулж өнгөрсөн гурван сараас туршилтын сургалтыг эхлүүлсэн нь үр дүнтэй болсон. Фулбрайтын англи хэлний
туслах багш нар, энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд болон их, дээд сургуулийн
багш нар сургагч багшаар ажиллана. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, багш нарыг
дотоод болон гадаадад богино, урт хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж
байна” гэв.
Тус төв Монголын ерөнхий боловсрол,
мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш
нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи
хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж,
өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байгаа аж.