Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелест байрлуулахыг Трампад хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 13 /TASS/. Калифорни муж улсын Хойд дүүргийн шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Лос-Анжелес хотод эмх журам сахиулахын тулд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчлахыг түр хугацаагаар хоригложээ.
"Шүүх нэхэмжлэл гаргагчдын түр хориг тавих хүсэлтийг хангаж, давж заалдагч талд Калифорнийн Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелес хотод байрлуулахыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний гвардийг Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсомын мэдэлд буцаан шилжүүлэхийг шүүхээс үүрэг болгож байна” гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.
Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг давж заалджээ.
Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг олноор нь баривчлах ажиллагаа энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд 7-ны орой гэхэд цагаачлалын хууль зөрчсөн хэргээр доод тал 44 хүн саатуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Хуулийн байгууллагын эл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал хотод өрнөж, улмаар эмх замбараагүй байдал үүссэн байна. Үүний дараа Ерөнхийлөгч Трамп Калифорни муж улсын захирагч Г.Ньюсомтой зөвшилцөлгүйгээр Лос-Анжелест Үндэсний гвардийн цэргүүдийг илгээхийг тушаажээ. Харин Г.Ньюсом Ерөнхийлөгч Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нарыг холбооны хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна.
Связанные новости


