Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг олон улсын жишгээр шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд БГД-ийн Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, СХД-ийн Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар шинэчлэх ажил эхэллээ.
Тодруулбал, Өнөр хорооллын арын зам, Геологийн
төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх авто замыг Монгол
Улсдаа жишиг байдлаар шинэчилнэ. Ингэснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн
аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Одоогоор Өнөр хорооллын
арын замын газар доогуур иж бүрэн ус зайлуулах
шугам хоолой тавихаар бэлтгэж байна.
"Улаанбаатар хотын тогтвортой авто зам,
тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа ярихдаа, “Өнөр хороолол, Баянхошуу
орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Замын хөдөлгөөнд
оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг
байдлаар бүтээн байгуулалтыг хийнэ. Ингэхдээ замын ердийн шинэчлэлээс илүү
нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай
нь иж бүрэн шинэчилнэ. Мөн явган хүний
гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт
тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж
бүрэн ус зайлуулах системийг ч шийднэ. Ингэж уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй
байдлыг хангахаар төлөвлөсөн” гэв.
Ташрамд дурдахад, Финланд улсын Финнок компани эдгээр замын зураг төслийг манай
улсын нөхцөл байдалд тохируулан жишиг байдлаар боловсруулжээ.