АРХАНГАЙ: Төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн ур чадварын уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-13 12:51:05

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын үндэсний бичгээр цахимд бичих ур чадварын уралдааныг энэ сарын 12-ны өдөр “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд зохион байгууллаа. 


Уралдаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 19 агентлагийн 34 албан хаагч оролцсон юм.


Уралдааны тэргүүн байрт Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны архив бичиг хэргийн эрхлэгч Б.Анхчимэг орсон бол Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн Б.Шижирбаатар, Статистикийн хэлтсийн нягтлан бодогч Г.Туяачимэг нар удаах байруудад шалгарлаа.


Уралдааныг зохион байгуулах үндэслэл нь Монгол хэлний тухай хуулийн 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2025 оны гуравдугаар тэмдэглэл, Боловсролын сайдын “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх тухай зөвлөмж”, Архангай аймгийн Засаг даргын 2025 оны “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг төрийн байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Үүний хүрээнд дээрх уралдааныг төрийн албан хаагчдыг үндэсний бичгийн мэдлэгийн түвшин, цахимд бичих ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Архангай аймгийн салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөл, Архивын тасаг хамтран зохион байгууллаа.   


Связанные новости