АРХАНГАЙ: Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлснээр цахилгаан, дулааны 37.0 сая төгрөгийг хэмнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-30 20:03:44

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаагаа "Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн загвар төсөл”-ийг Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төв, Сүхбаатар аймгийн Наран сум хоёрт нэвтрүүллээ. 10-р сарын 30-ны өдөр Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын системийг бүрэн хүлээлгэж өгч, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.  


2025 оны 6 сараас эхлэн энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, бүрэн засварыг хийсэн байна. Мөн 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосны барилга угсралтын ажлыг дуусгажээ.

 

Чулуут сум нь Архангай аймгийн уулын бүсийн хүйтэн сумдын нэг. Тус сумын ЭМТ-ийн 2842мк2, хоёр давхар барилга нь 2005 онд, өргөтгөл нь 2020 онд ашиглалтад орсон хэдий ч дулаан алдагдал ихтэй, эмч ажилтнууд хийгээд хэвтэн эмчлүүлэгсэд сэрүүн, хүйтэн орчинд ажиллаж, эмчлүүлж байжээ. Тэд өнөөдөр дотроо ариун цэврийн байгууламжтай, дулаан, тав тухтай орчинд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Эрүүл мэндийн төвд сэргээгдэх эрчим хүчний дулаалгын системийг суурилуулснаар 81 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 40 тонн нүүрс түлэхгүй болж, цахилгааны зардлын 12 гаруй сая төгрөг, дулааны зардлын 25 сая төгрөгийн хэмнэлтийг гаргаж чадсан юм. Мөн дээрх системийн үйл ажиллагаанд хоёр жилийн баталгаат хугацаа өгч байгаа ба цаашид ямар нэг доголдолгүй ашиглах зорилгоор эмнэлгийн галч нарыг шат дараалсан сургалтуудад суулгаж эхэлсэн байна.

 

Уг төсөл Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн юм.

 

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ЭХЯ-наас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахиц, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц бүтээн байгуулалтыг ийнхүү хийж чадлаа.

 

Нарны буюу сэргээгдэх эрчим хүчний энэхүү системийн нийт хүчин чадлын 80 хүртэл хувийг тус ЭМТ зөвхөн хүйтний улиралд, дулааны улиралд 40 орчим хувийг ашиглана. Харин үлдсэн хувийг сумын эрчим хүчний эх үүсвэр болгох бүрэн боломжтой гэлээ. Өнөөдрийн байдлаар 160квт-аар 80 орчим айлыг чанартай, сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.  


Связанные новости