Ухань хотын иргэд агаарын метрогоор аялж хотын сонин сайхныг үзэх дуртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-17 17:39:21

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 17/МОНЦАМЭ/.БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хот дахь агаарын буюу дүүжин метрог 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ.


Тус метроны замыг дээр нь суурилуулсан тул дүүжин метро гэж нэрлэжээ.Нийт 220 хүний багтаамжтай, 39 суудалтай, 6 зогсоолтой, 24 метр урттай, 2.25 метрийн өргөнтэй бөгөөд 60 км цагийн хурдаар 10.5 км замыг  жолоочгүй автомат удирдлагын  шийдлээр туулна.


Метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь Хятад Улсын хэмжээнд хамгийн анхных гэдгээрээ онцлог юм.


Агаарын метрогоор зорчих иргэн нэг удаагийн  тасалбарыг 39 юань, өдрийн турш зорчих  тохиолдолд 49, нэг сарын турш аялахаар бол 120 юаныг  тус тус төлж зорчих боломжтой.


Харин  ахмад настнууд 50 хувийн хямдралтай зорчих бол бага насны хүүхдүүд үнэгүй үйлчлүүлнэ. Метроны тасалбарыг дэргэдэх киоск машинаас авах боломжтой.

Цас бороотой үед метро хэвийн горимоор ажиллах бөгөөд  салхины хурд ихсэх тусам автомат мэдрэгч ажиллаж метро өөрөө хурдаа багасгаж зогсдог.


Метроны дизайныг шийдэхдээ эртний барилгын уламжлалт хийцийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээжээ.


Ухань хотод ирсэн хүмүүс ихэнх тохиолд агаарын метрогоор аялж хотын эргэн тойрныг  харах дуртай гэсэн. Тус метрог 100 жилийн хугацаанд ашиглахаар бүтээжээ.  





Связанные новости