Дайчид мориндоо: Монголын баг хоёрдугаар байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийсэн “Physical: Asia” олон улсын хүчний сорилтын шоу нэвтрүүлэгт Монгол, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцож, манай улсын баг хоёрдугаар байр эзэллээ.
Энэхүү шоу нь 2023 онд цацагдсан “Physical: 100” цувралын өргөтгөсөн бүсийн хувилбар бөгөөд олон улсын хэмжээнд үзэлтээрээ тэргүүлж, шоу нэвтрүүлгийн салбарт жишиг тогтоосон бүтээл болж чадсан юм.
Уг шоуны эцсийн шатны гурван дугаар өнөөдөр цацагдаж, ялагч баг тодров. Хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар зэрэг хүний биеийн хязгаарыг мэдрүүлсэн олон төрлийн сорилтуудад өрсөлдсөн багуудаас Монголын болон БНСУ-ын баг финалын шатанд шалгарч үлдлээ. Үүнээс Монголын баг хоёрдугаар байрт шалгарсан юм.
Олон улсын тайзнаа Монгол хүний биеийн хүч, сэтгэлийн хат, багаар ажиллах ур чадварыг харуулсан үндэсний багийн бүрэлдэхүүнд:
Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
Холимог тулаанч Б.Энх-Оргил
3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан бөгөөд ийнхүү амжилттай оролцов.

Связанные новости
Ulaanbaatar