Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 16:40:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.


Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.


Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах юм.


Айлчлалын хүрээнд Монгол-Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.


Хоёр орны хооронд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. Ташкент дахь Монгол Улсын Элчин сайдын яам 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Узбекистаны тал Бээжин хотоос хавсран суудаг.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Элчин сайд Д.Батбаатар 2024 оны есдүгээр сарын 20-нд Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ф.Арзиев 2023 оны 11 дүгээр сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ бариад буй.





Связанные новости