“Сэлбэ хот” төслийг 45 багц ажилд хуваажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-25 14:40:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлахаар болжээ.


Үүнтэй холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын  гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл хийв.


Энэ үеэр хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа 24 мега төслөөс ач холбогдлын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь Сэлбэ хотын төсөл юм. Уг төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “20 минутын хот”-ын анхны хот болно. Улаанбаатар хотод 1965-1985 онд бүтээн байгуулалт өрнөсөн. Үүнээс хойш анх удаа тэр хэмжээний бүтээн байгуулалтыг 158 га талбайд барих Сэлбэ хотоор эхлүүлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, 3, 4 дүгээр хорооллыг Бичил хороололтой нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хот барина. Сэлбэ хотод зөвхөн орон сууц бус цахилгаан, дулаан хангамж, цэвэр, бохир усны байгууламж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хэрэгцээт үйлчилгээний төвүүдийг байгуулна. Энэ төслийг 45 багц ажилд хуваасан. Эхний 11 багц ажил нь инженерийн дэд бүтэц, дараагийн зургаа нь нийгмийн, 20-45 дугаар багц нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх худалдаа, үйлчилгээний төв байх юм. Олон улсад бонд босгож, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлээс орлого олох байдлаар 2.3 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ. Урьдчилсан байдлаар тооцоолоход 20 их наяд орчим төгрөгийг хувийн хэвшил гаргаж хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Нийт 25 их наядын бүтээн байгуулалт болно” хэмээн ярилаа.


“Сэлбэ хот” төслийнхөн Монголын барилгын салбарын холбоодын хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагч талтай хоёр удаа цахим уулзалт хийж, 3, 4 дүгээр багц тендерийг тав хуваах зөвшөөрлийг авчээ. Эхний багцад есөн давхар 71 айлын 11 блок орон сууц сүндэрлэнэ. Тэгвэл 2-5 дугаар багцад есөн давхар бүхий 71 айлын 48 блок байр барих аж. Сэлбийн 26 багц ажилд давхардсан тоогоор 198 байгууллага санал, хүсэлтээ ирүүлсэн байна. Хамтарч ажиллах аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлийн санал, хүсэлтийг үргэлжлүүлэн хүлээн авч байгаа аж. 



Связанные новости