Энэ онд 8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 16:42:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.  


Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон. Тус тогтоол батлагдсанаар Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, нийслэл болон Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэг, 19 аймгийн 86 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулан нэмж санал ирүүлснийг хянаж нэгтгэн 44.4 мянган га талбай бүхий 3797 байршлыг улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо.


Улсын хэмжээнд төлөвлөлтийн дагуу 296 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх төсөл хэрэгжих, 221 байршилд хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэж, малчдын хоршоонд газар эзэмшүүлэх, иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон өвөлжөө, хаваржааны доорх газрын зориулалтаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэлээ. Мөн шийдвэрийн дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар ашиглах, эзэмших хүсэлт гаргасан 2034 иргэн, хуулийн этгээд болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 1763 иргэний хүсэлт тус тус шийдвэрлэгдэх боломжтой боллоо.


Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Завхан, Ховд аймгийн ИТХ-аас ирүүлсэн саналын дагуу тухайн аймгуудад 2025 онд нийт 18.03 га талбай бүхий 158 иргэний газрыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр энэ онд улсын хэмжээнд нийслэл болон 18 аймгийн 114 сумын нутаг дэвсгэрт нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх юм.

Связанные новости