Булган суманд хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, Булган сумын Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “ЭБЦТС” ТӨХК-ийн төлөөллийн хамтаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган суманд хийж буй бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.
Политехникийн коллежийн их засвар, Хүүхдийн тоглоомын талбай, Булган суманд барьж буй авто машины зогсоол, аймгийн наадмын талбай болон орон сууцны барилгын ажлын явцыг шалгаж, зарим үүрэг даалгаврыг холбогдох албан хаагчдад өглөө.
Аймгийн нийгмийн салбарын ажилчдын орон сууцны барилгын шавыг тавьсан компанийн төлөөлөлтэй уулзаж, цаашид тус барилгыг барих эсэх талаар шийдэлд хүрэх, Политехникийн коллежийн засварыг гэрээт хугацаанд гүйцэтгүүлж дуусгах, Булган сумын хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цэцэрлэг хүрээлэнг камержуулж, Теле хяналтын камерын дэд төвийн системд холбох зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байна.