БУЛГАН: "Хүйс толгойн хөшөөний бичээс" өвийн батламжийг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслол 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн холбогдох жагсаалтад амжилттай бүртгүүлсэн "Хүйс толгойн хөшөөний бичээс" өвийн батламжийг Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт гардуулан өглөө.
Хүйс толгойн бичээс нь Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон соёлын үнэт дурсгал юм.
Монгол хэл, бичгийн хамгийн эртний дурсгалыг 1224-1225 оныг гэрчлэх “Чингисийн чулууны бичиг” гэж үзэж байсан бол түүнийг даруй 600 гаруй жилээр урагшлуулсан хүн төрөлхтний хэл, үсэг бичгийн судлал, түүний дотор Монгол хэлний түүхэн ач холбогдолтой дурсгал бол Хүйс толгойн бичээс хэмээн судлаачид үзэж байна.
Хүйс
толгойн бичээс нь 154 см өндөр, 41 см өргөн, 15 см зузаан, хар саарал өнгийн
боржин чулуун тэгш гадаргуу дээр 11 мөр монгол хэлээр, брахми үсгээр сийлсэн
бичээс бүхий хөшөө юм.

Ulaanbaatar