“I Love Sushi” нүүдлийн үзэсгэлэнгээс япон хоолны соёлыг мэдрэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-27 16:12:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЭСЯ, Япон сан болон Монгол арт галерей хамтран зохион байгуулж буй “I Love Sushi” нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.


Япон сангийн санаачилгаар олон орноор аялан хүрч буй нүүдлийн энэхүү үзэсгэлэнг Монгол дахь Японы ЭСЯ-ны урилгаар Монгол арт галерейд анх удаа дэлгэж байна. Сүши хоол төдий зүйл биш бөгөөд  Японы түүх соёл, гоо зүйн илэрхийлэл, байгалийг хүндэтгэх үзэл, гар урлалын өвөрмөц хэлбэр юм.

Энэ талаар Япон Улсын хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса ярихдаа, Япон хоол гэхээр хамгийн түрүүнд сүшиний тухай боддог хүн олон болов уу. Японд сүши анх үүсээгүй юм. Харин Хятад болон Дундад Азид үүссэн гэдэг бөгөөд мянга гаруй жилийн тэртээгээс Японд орж ирсэн гэлцдэг. Сүши нь түүнээс хойш маш урт цаг хугацааг туулан Японы үзэсгэлэнт байгальд ард түмний оюун ухаан, ур чадварыг шингээн өнөөдрийн Японыг төлөөлөхүйц хоолны соёл болон хөгжжээ. Энэхүү үзэсгэлэнгээр одоогийн хэлбэрээ олсон сүшиний өвөрмөц түүхэн хувьсал, түүний хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй танилцуулна. Үзэсгэлэнгийн танхимд үнэхээр бодит мэт, олон тансаг үзмэрүүдээс гадна сүшитэй холбоотой олон зураг дэлгэсэн. Эдгээр зураг эртнээс япончуудын аж ахуйтай салшгүй холбоотой байсныг өгүүлэх чухал баримт юм. Үзэгчдийг өөрсдийн үл мэдэх сүшиний ертөнцөөр аялаасай хэмээн хүсэж байна. Мөн үзэсгэлэнгээр дамжуулан сэтгэл татам сүши болон Японы баялаг хоолны соёл, түүхийн талаарх сонирхлоо ч гүнзгийрүүлэх боломжтой. Япон оронд илүү татагдан дурлаасай хэмээн хүсэж байна” гэв.

Монгол арт галерейн захирал П.Батжав хэлэхдээ, "Энэ удаагийн үзэсгэлэн олон улсаар аялдаг нүүдлийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Япон улсын хоолны соёл маш өндөр түвшинд хөгжсөн. Хүн бүр сүшиг сайн мэддэг, хамгийн амттай, эрүүл мэндэд хэрэгтэй хоол юм. Сүши хэрхэн хөгжсөн түүх, хэдэн төрлийн загасаар хийдэг болон технологийн талаар видео, бичлэгээс харах боломжтой. Үзэсгэлэнгийн агуулгыг маш нарийн судалгаатай хийж, бусад орны музей, галерейн танхимд нийцсэн стандартыг хангасан. Сүши болон хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй салбарынхан ирж үзээсэй гэж хэлмээр байна. Үзэсгэлэнг гаргах талаар жилийн өмнөөс төлөвлөж өнөөдөр нээлтээ хийж байна. Нэг үзээд бүрэн гүйцэд мэдээлэл авч чадахгүй, хэд хэд үзэж байж сүши болон хоолны соёлтой танилцах боломжтой" гэв.


Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан сүшиг зөвхөн амтлах бус, харж мэдрэх, соёлын уялдаа холбоог ойлгох, суралцах боломжтой. Үзэсгэлэн сүшиний үүсэл, бүс нутгийн онцлогоор хэрхэн хувьсан өөрчлөгдөж, байгаль орчин болон орчин үеийн хүнсний сорилттой хэрхэн зохицон буй талаар харуулах юм.


Уг үзэсгэлэн энэ сарын 27-ноос долоодугаар сарын 17-ныг дуустал үргэлжлэх аж.







Связанные новости