Казахстан дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар Р.Сарангоог томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-28 11:18:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Бүгд Найрамдах Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар Монгол Улсын иргэн Р.Сарангоог энэ сарын 22-ны өдрөөс томиллоо.


Р.Сарангоо нь Европ болон Төв Азид тогтвортой хөгжлийн чиглэлээр 25 жилийн ажлын туршлагатай бөгөөд Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдохоосоо өмнө НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс (UNECE)-т Байгаль орчны асуудал хариуцсан бүсийн зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд тэрбээр Европ болон Төв Азийн 17 улсад UNECE-ийн конвенц, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн техникийн зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм.


НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст ажиллахаасаа өмнө Р.Сарангоо Монгол Улсын Байгаль орчны яаманд ахлах мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль хамгаалах олон улсын холбоо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагад тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн удирдлагын чиглэлээр тус тус ажиллаж байв.


Связанные новости