ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-30 18:53:10

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Дулааны станцын барилга, шугам сүлжээний ажлын явцын мэдээллийг сонслоо.


Анх БНСУ-ын EXIM банкны хөрөнгө оруулалтаар 14.03 сая ам доллар буюу 49 тэрбум төгрөгийн өртөг бүхий 30 Гкал/цаг хүчин чадал бүхий дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Үүнд Дулаан дамжуулах 11 төвийн барилга угсралтын ажил, Дулааны станцаас дулаан дамжуулах төврүү 8.3 км хос шугам татах 1 дүгээр контурын шугамын ажил багтсан бөгөөд гэрээг 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна.



Ажлын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани эхлүүлсэн ажлаа орхисны улмаас улсын төсвийн хөрөнгөөр дахин сонгон шалгаруулалт зарлаж, Багц-1 буюу Дулааны станц болон ус дулаан дамжуулах 11 төвийн гадна цахилгаан хангамжийн ажлыг “Эм Ай Эс Эс” ХХК 8.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Багц-2 буюу Дулааны станцын усан хангамж ариутгах татуурга, холбоо мэдээллийн ажлыг “Юу Зэт Эрдэнэ” ХХК 1.06  тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажлыг “Энерго сервис монтаж” ХХК 18.7 төгрөгийн санхүүжилттэй гүйцэтгэхээр ЭХЯ-тай гэрээ байгуулсан юм. Ийнхүү Дулааны станцыг 2027 оны 8 сард ашиглалтад оруулахаар гэрээнд тусгажээ.

 

Связанные новости