ЮНЕСКО-гоос АНУ гарч байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-23 09:11:11

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /DW/. Дональд Трампын засаг захиргаа АНУ-ыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос гаргах үйл явцыг эхлүүлсэн тухай Цагаан ордны цахим хуудсанд мягмар гарагт мэдээлжээ.


"Цаашид ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд оролцох нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэхгүй. Тус байгууллага нь олон улсын хөгжлийн асуудалд глобалист үзэл суртлыг хэт чухалчилж байгаа нь “Америк эн тэргүүнд” уриа бүхий манай гадаад бодлоготой зөрчилдөж байна" гэж тус мэдэгдэлд дурдсан байна. 


ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле аль хэдийнэ хариу мэдэгдэл гаргаж, АНУ-ын гаргасан шийдвэрт харамсаж буйгаа илэрхийсэн байна. Тус байгууллага ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйг урьдчилан тооцож байсан хэдий ч Цагаан ордны энэ шийдвэр нь юуны түрүүнд АНУ-д хэрэгжиж буй соёлын хөтөлбөрүүдэд сөргөөр нөлөөлнө гэлээ. ЮНЕСКО-гийн нийт төсвийн 8 хувийг АНУ бүрдүүлдэг гэдгийг Азуле мөн дурдсан байна.


Цагаан ордны хэвлэлийн мэдэгдэлд онцолсноор, ЮНЕСКО Палестиныг бүрэн эрхт гишүүнээр хүлээн зөвшөөрсөн нь "туйлын эргэлзээтэй шийдвэр" бөгөөд АНУ-ын гадаад бодлоготой зөрчилдөж байна гэжээ. Энэ шийдвэр нь тус байгууллагын дотор "Израилын эсрэг үг яриа тархахад нөлөөлсөн" гэж онцолсон байна. 


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли "New York Post" сонинд өгсөн ярилцлагадаа, ЮНЕСКО "үймээн дэгдээж, нийгэмд хагарал үүсгэх эрсдэлтэй соёлын болон нийгмийн санаачилгуудыг дэмжиж байгаа" нь  дээрх шийдвэрийг гаргах гол шалтгаан болсон гэж мэдэгджээ. Тэрбээр мөн эдгээр санаачилгууд нь "Америкчуудын эрүүл ухаанд суурилсан бодлоготой огт нийцэхгүй" хэмээн онцолсон байна.


Хариу мэдэгдэлдээ ЮНЕСКО эдгээр үндэслэлийг эрс няцааж "энэ нь ЮНЕСКО-гийн бодит хүчин чармайлтуудтай, ялангуяа Холокостын асуудлаарх боловсрол олгох, антисемитизмтэй тэмцэх чиглэлд хийж буй үйл ажиллагаанд үл нийцэж байна" гэжээ.


АНУ-ыг ЮНЕСКО-гоос гаргах шийдвэр 2026 оны 12 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болох хүртэл тус улс энэхүү байгууллагын бүрэн эрхт гишүүн хэвээр байна гэдгийг Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. 


Д.Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаандаа АНУ-ыг ЮНЕСКО-гоос гаргах шийдвэрийг гаргаж байсан юм. Тухайн үед Цагаан ордон энэхүү шийдвэрийг Израилын эсрэг чиглэсэн тус байгууллагын бодлогоос үүдэлтэй гэж мэдэгдэж байв. Харин Жо Байден 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа уг шийдвэрийг цуцалсан юм.


Связанные новости