Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСТАНБУЛ, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Туркийн Истанбул хотноо лхагва гарагт болсон Орос, Украины гурав дахь удаагийн энхийн хэлэлцээний үеэр тал тус бүрийн хамгийн цөөндөө 1200 олзлогдсон цэргийг солилцохоор тохиролцжээ.
Хоёр талын төлөөлөгчдийн уулзалт орон нутгийн цагаар 20:37 цагт
эхэлж, 21:16 цагт өндөрлөсөн байна. Хэлэлцээний
дараа Оросын төлөөлөгчдийн ахлагч
Владимир Мединский хэлэхдээ, улс төр, хүмүүнлэг, цэргийн гэсэн өөр өөр салбаруудыг хариуцсан гурван цахим ажлын хэсэг байгуулахыг манай тал санал болгосон гэв.
Тэрбээр
мөн тал тус бүрийн хамгийн
цөөндөө 1200 олзлогдсон цэргийг хамруулсан солилцоо хийхээр тохиролцсоныг дурдаад, Москва зөвхөн цэргийн албан
хаагчид төдийгүй энгийн иргэд, тэр дундаа Оросын Курск мужид өнгөрсөн онд Украины цэргүүдэд олзлогдсон 30 орчим хүнийг солилцохыг санал болгосныг хэлжээ.
В.Мединскийн мэдэгдсэнээр, Оросын тал одоогийн байдлаар амиа алдсан 7000 орчим украин цэргийн цогцсыг шилжүүлэн өгснөөс гадна дахин 3000 гаруй цогцсыг шилжүүлэн өгсний хариуд орос цэргүүдийн цогцсыг эргүүлэн авах санал гаргасан байна. “Украины тал тэдгээр цогцсыг хүлээж авахад техникийн хувьд бэлэн болмогц Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар шилжүүлэн өгнө” гэж тэрбээр хэллээ.
Мөн шархадсан цэргүүдийг фронтын шугамаас татан гаргах, нас барсан цэргүүдийн цогцсыг буцаан авахын тулд 24-48 цагийн хугацаанд гал зогсоохыг Оросын тал уриалжээ. “Бид нэн
чухал арга хэмжээг тунгааж үзэхийг Украины талд дахин санал болгосон. Энэ бол холбоо барих шугамын дагуу богино хугацаанд
гал зогсоох (24-48 цаг) явдал юм.
Ингэснээр эмнэлгийн багууд
шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, амь үрэгдсэн
цэргүүдийн цогцсыг олох
боломжийг бүрдүүлнэ” гэж В.Мединский
хэлсэн байна.
“Украинаас хүүхдүүдийг авч явсан гэх мэдэгдлийн тухайд бид 339 украин хүүхдийн жагсаалтыг сайтар нягталж үзсэн. Овог, нэр тус бүрийг нь нягталж,
зарим хүүхдийг Украин руу хэдийн буцаасан.
Үлдсэн тохиолдлууд дээр холбогдох ажил үргэлжилж байна.
Хэрэв хууль ёсны эцэг эх, ойр дотны хамаатан садан, хууль ёсны төлөөлөгчдийг нь тогтоож чадахгүй бол хүүхдүүдийг яаралтай нутаг буцаах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хүүхдүүдийг
“хулгайлсан” гэх Украины мэдэгдлийн тухайд В.Мединский хэлэхдээ, Киевээс
Москвад өгсөн жагсаалтад байгаа хүүхдүүдийн дийлэнх нь үнэндээ бол хэзээ ч Орост
байгаагүй гэв. “Тэд Европын
хаа нэгтээ байгаа байх. Тэдний одоогийн байршлын талаар мэдээлэл бидэнд алга” гэж тэрбээр хэллээ. Одоогоор ОХУ-д байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эх, ойрын хамаатан садныг нь олж тогтоож, эс бөгөөс цаг
алдалгүй нутаг буцаахаа мөн амлажээ.
Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг ирэх наймдугаар сард багтаан зохион байгуулах тухай Украины саналд Мединский хариулахдаа, уг уулзалтаар юу хэлэлцэх талаар урьдчилан хэлэлцэх ёстой гэв. “Энэ уулзалтаар хэлэлцээрийн талаар хэлэлцэх бус харин бүрмөсөн цэг тавьж, гарын үсэг зурах ёстой. Бүх зүйлийг эхнээс нь дахин хэлэлцэж эхлэх нь утгагүй” гэж тэрбээр хэлсэн байна. Москва, Киевийн хооронд дөрөв дэх удаагийн яриа хэлэлцээ хийхгүй гэсэн цуурхлын тухайд В.Мединский “бид ийм хэлэлцээ болно гэдэгт найдаж байна” гэжээ.