ЗАВХАН: Усны сан бүхий хамгаалалтын бүсэд тодорхой журмын дагуу аялахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 15 сумын усны сан бүхий хамгаалалтын бүсэд анхаарал сэрэмжтэй аялахыг анхааруулж байна.
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар Усны хамгаалалтын бүсийн заагийг тогтоодог.
Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг
тогтоосноор усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордын нөөц хомсдох,
бохирдохоос сэргийлдэг.
Завхан аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Нөмрөг, Цэцэн-Уул, Сантмаргаз, Улиастай, Алдархаан,
Яруу, Эрдэнэхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Завханмандал, Отгон
сумдын нутаг дэвсгэрт усны сан бүхий хамгаалалтын бүсэд тодорхой журмын
дагуу аялахыг уриалж байна.
Усны хамгаалалтын бүсэд аялж амрахдаа бохирдол үүсгэхгүй байж
хог хаягдлаа ангилан цэвэр үлдээх. Болзошгүй аюул осол усанд живэх зэрэг эрсдлээс
урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Ялангуяа томоохон гол, нуурт усанд орж
сэлэхдээ болгоомжтой байх. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Архидан
согтуурсан үедээ усанд орохгүй байх. Усны сан бүхий газар тогтоосон хэсгээс 50
м-ээс доошгүй зайд амарч зугаалахыг зөвлөж байна.
Аялал, амралтын улиралд Байгаль орчны газраас голын хамгаалалтын бүсэд холбогдох хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, Иргэдэд зөвлөмж өгөх, санамж анхааруулгыг өдөр бүр өгч байна.
Хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ялангуяа аялагч, амрагчид олноор цуглардаг гол нуурын эрэг тохой дагуу бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Гол, нуурын эрэг дээр машин угаах зөрчил гаргахгүй байхыг иргэдэд сануулж байна. Энэ зөрчил нь торгуультай байдаг. Иргэд гол, нуур, усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угаах, хог хаях зэрэг орчныг бохирдуулах зөрчил ихээр гарч байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15.8-д “усны сан бүхий газарт хог хаясан, автомашин техник, бохир зүйл угаасан, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх 1 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Тиймээс иргэн та голын ойролцоо автомашин, техник угаахаас татгалзах. Хог хаяхгүй байх. Усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байхыг сануулж байна.
Дээрх хууль зөрчиж буй этгээдийн талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, иргэний үүргээ биелүүлэхийг Завхан аймгийн Байгаль орчны газраас уриалж байна.