АРХАНГАЙ: Архангайн сурагчид БНСУ-ын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санаачлан Монгол оюутан сурагчдын зуны амралтын богино хугацааны сургалтын хөтөлбөрт хоёр багш, арван хүүхдийг хамруулжээ. Тэд 7-р сарын 20-25-ны өдрүүдэд БНСУ-ын Кванжу Эмэгтэйчүүдийн их сургуулийн үйлд ажиллагаатай танилцан, сургалтад суусан байна.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцаж, сэтгэл судлал, англи хэл, онгоцны үйлчилгээний тэнхим, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилтын хичээлд оролцсон байна.
Уг хөтөлбөр нь харилцааны ур чадварыг хөгжүүлэх, Солонгосын соёл, боловсролын орчинтой танилцах зэрэг олон чухал мэдлэг, бодит туршлага хуримтлуулах, мэргэжлийн чиг баримжаа авах давуу талыг бий болгодог байна.
Тус хөтөлбөрт Ховд, Архангай, Баян-Өлгий, Улаанбаатар хотын нийт 33 хүүхдийг хамруулжээ.
Уг сурагч солилцооны хөтөлбөрийг Monko bridge жуучлалын төв зохион байгуулж хамтран ажиллажээ.