Хархорум хотын төв цэг орчмын бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-28 17:10:25

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Археологийн малтлагын талбай дахь эртний нийслэл Хархорум хотын туурь, Хархорум хотын төлөвлөлтийн явц болон “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын ажилтай ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 26-нд танилцав.


Эртний нийслэл Хархорум хотын туурьт тулгуурлан ил музей байгуулах саналыг Соёлын яаманд хүргүүлжээ. Ингэснээр малтлагаар ил болгосон туурийг жилийн дөрвөн улиралд дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх, хадгалалт хамгаалалтын оновчтой хувилбар болох олон улсын туршлагын дагуу битүү дээвэртэй цогцолбор болгохоор төлөвлөж байна.


Хархорум хотын төв цэг орчмын бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны хавар эхлүүлж, төв цэг орчимд 500 мянган хүн ам бүхий суурьшлын дөрвөн бүс байгуулах аж. Мөн Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд бороо, үерийн усаар тэжээгддэг Хэлтгий цагаан нуурыг сэргээнэ. Эдгээр ажлыг Хархорум хотын захиргаа болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран хэрэгжүүлэх юм. Хархорум хотын усны хэрэглээг 50 хувийг газар доорх, 25 хувийг гадаргын, үлдсэн 25 хувийг саарал ус ашиглах байдлаар хангахаар тооцжээ. Хэлтгий цагаан нуурыг сэргээхдээ 1965 онд барьж, түүнээс хойш ашиглалтгүй байсан усалгааны системийг засварлаж, ашиглах юм.


”Их Хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д одоогийн байдлаар 700 мянган мод тарьж, 45 худаг гаргаж, моддоо арчилж ургуулж байна. Цаашид найман байршилд нэг сая мод тарих юм. Ирэх намрын тариалалтаар төлөвлөсөн хэмжээнд хүргэхээр ажиллаж байгаа аж.






 

Связанные новости