Бээжин хоттой эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, энэ үеэрээ тус хотын дарга Ин Юнтай уулзав.
Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Тэрбээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.
Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ, “Бээжинд орсон аадрын улмаас
зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан
амралтгүй ажиллалаа. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч
түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн
автомашинаас гарч байгаа бохирдол хотын агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж
байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг
бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэх, камерын хяналтын төвийг
сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна. Мөн дагуул хотуудыг
байгуулж байгаа бөгөөд 30 мянган төрийн албан хаагчийг тус хотууд руу
шилжүүлсэн. Өдгөө шинэ бүс байгуулж, төрийн өмчит компаниудаа тэнд
төвлөрүүлэхээр ажиллаж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой
шийдэл нь дагуул хотыг байгуулах юм. Манай хот энэ ажлыг 2014 оноос эхлүүлсэн”
гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил᠌” болгон зарласантай холбоотой 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрт авто замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц болоод нийгэм, эдийн засгийн хөгжил руу чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтсан. Тухайлбал, “2О минутыг хот” концепцийн хүрээнд Сэлбэ хотыг байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар болон Бээжин хот 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
Талууд үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг онцлов. Энэ хүрээнд Бээжин хотын усны инженер, мэргэжилтнүүд Улаанбаатарт очиж ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, үерийн далан зэрэг бүтээн байгуулалтын судалгааг хийх аж.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газрыг Бээжин хотод байгуулахаар санал нэгдэж, хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээр тохиров.