Мбаппе 10 дугаарын өмсгөлтэй тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2025 оны долоодугаар сарын 30. /TASS/. Испанийн “Реал Мадрид” багийн франц довтлогч Килиан Мбаппе ирэх улирлаас 10 дугаарын өмсгөлтэй тоглохоор болсныг тус клубийн цахим хуудсанд мэдээлжээ.
К.Мбаппе “Реал”-д 9 дугаарын өмсгөлтэй тоглож байсан юм. Тус багийн 10 дугаарын өмсгөлийг Хорватын хагас хамгаалагч Лука Модрич 2017 оноос хойш өмсөн тоглож байсан бөгөөд тэрбээр клубүүдийн ДАШТ-ий дараа Мадридын багаас явсан юм.
Л.Модрич 2012 онд “Тоттенхэм”-ээс ирснээсээ хойш “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 600 шахам тоглолтод оролцож, Аваргуудын лигт зургаан удаа, клубүүдийн ДАШТ-д таван удаа, Испанийн АШТ-д дөрвөн удаа, Испанийн цомын тэмцээнд хоёр удаа, супер цомын тэмцээнд таван удаа түрүүлжээ. Тэрбээр 2018 онд шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн юм.
"Реал"-ын 10 дугаарын өмсгөлийг 1958 оны “Алтан бөмбөг”-ийн эзэн франц тоглогч Раймон Копа, 1952 оны олимпын аварга, 1954 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, Унгарын хөлбөмбөгчин Ференц Пушкаш, Испанийн таван удаагийн аварга, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга испани тоглогч Фернандо Йерро, 2002 оны Аваргуудын лигийн аварга португал тоглогч Луиш Фигу нар өмсөн тоглож байжээ.
Өдгөө 26 настай Мбаппе 2024 оны зун чөлөөт агентын хувиар "Реал"-д шилжин ирснээсээ хойш 59 тоглолтод оролцохдоо 44 гоол оруулж, 5 удаа оновтой дамжуулжээ. 2024/25 оны улирлын эцэст тэрбээр Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийн шилдэг довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналыг хүртсэн байна.