Олон улсын олимпиадад оролцох сурагчдын онгоцны тасалбарыг нийслэлээс даана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-09 09:36:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг шагнаж, урамшуулав.


Энэ жил нийслэлийн ЕБС-ийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олон улсын олимпиадад оролцож тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна.


Тэрбээр алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулав. Мөн шавь нараа амжилттай бэлтгэн алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулсан юм.


Түүнчлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг ирэх оноос нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгалаа. Ингэснээр сурагчид болон тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм. Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байна. Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд  нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг даалгав.


Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтыг гаргажээ.


-Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсоноос НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртэв.

-Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон. Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв.

-Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртжээ.

-Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медалийг хүртлээ.

-Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медалийг хүртлээ.

-Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон. Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медаль хүртээд байна.






Связанные новости