Д.Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-15 09:04:46

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэж байна. Тэрбээр өчигдөр Fox News Radio-гийн хөтөлбөрт оролцож, хөтлөгч Брайан Килмидтэй ярилцах үеэрээ ийнхүү дүгнэжээ.


“Путин хэлэлцээр байгуулна гэж найдаж байна, гэхдээ уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байна” гэж Д.Трамп хэлжээ.


“Энэ удаагийн уулзалт нь хоёр дахь уулзалтын суурийг тавина. Тохиролцоонд хүрч хэлэлцээр байгуулах учраас хоёр дахь уулзалт маш чухал байх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч дүгнээд, энэ үеэр хил, нутаг дэвсгэр болон бусад асуудлаар буулт хийнэ гэдгийг нэмж хэлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Путин, Зеленский нартай уулзаж болох гурван газрыг судалж байгааг дурдлаа.


“Уулзалт маань хэрхэн явагдахаас шалтгаалж миний бие ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьж, уулзалт хийх газарт түүнийг урина” гэж Д.Трамп хэлэв. Хэлэлцээр байгуулах эсэх нь Путин, Зеленский нараас шалтгаална, миний бие хэлэлцээг удирдан явуулахгүй, харин тэд хоорондоо хэлэлцээ хийх боломжийг би олгоно гэж тэрбээр нэмж хэллээ.


Д.Трамп, В.Путин нар Оросын арми Украинд халдан довтолсноос хойш анх удаагаа Аляск муж улсын Анкориж хот дахь Эльмендорф-Ричардсон цэргийн баазад уулзах гэж байна. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын ярьснаар, хоёр ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт орон нутгийн цагаар 11.30 цагт /Москвагийн цагаар 21.30 цаг/ орчуулагч нарын оролцоотойгоор болно. Үүний дараа хоёр талын төлөөлөгчдийн уулзалт болж, өглөөний цайнд орно.


Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд С.Лавров, Батлан хамгаалахын сайд А.Белоусов, Сангийн сайд А.Силуанов, Гадаад орнуудтай хөрөнгө оруулалт-эдийн засгийн талаар хамтран ажиллах асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч К.Дмитриев нар багтжээ.


Уулзалтын дараа Путин, Трамп нар хамтарсан хэвлэлийн хурал хийнэ.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь “Украинд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах” явдал бөгөөд ингэхдээ 6-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффын Москвад хийсэн уулзалтын үр дүнг харгалзан үзэх ажээ.  

Ю.Ушаковын ярьснаар, уулзалтын үеэр мөн энх тайван, аюулгүй байдлыг хангах, хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа-эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Связанные новости