Э.Макрон: Путин, Зеленский нарыг ойрын үед уулзуулах боломжтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /ТАСС/. Ойрын өдрүүдэд эсвэл ойрын долоо хоногт Оросын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын шууд уулзалтыг зохион байгуулах боломжтой хэмээн Европын орнуудын удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп найдаж байна. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Э.Макрон сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Өнгөрсөн шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон хотноо Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын зарим улсын удирдагчидтай уулзалт хийсэн юм. Уулзалтад Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Германы Канцлер Ф.Мерц, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч А.Стубб болон Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Рютте нар оролцсон байна.
Макроны ярьснаар, уулзалтын үеэр
Путин, Трамп нар утсаар ярьсан бөгөөд уулзалтад оролцогчид одоо эхний ээлжинд Зеленский, Путин нарын
уулзалтыг зохион байгуулж, дараа нь Путин, Трамп, Зеленский нарын гурвалсан
уулзалтыг явуулах нь зүйтэй хэмээн тохиролцжээ.
Мөн Вашингтон болсон хэлэлцээний
үеэр Д.Трамп болон Европын орнуудын удирдагчид Оросын эсрэг авсан хоригуудыг
чангатгах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Тодруулбал, хэрвээ Оросын тал энхийн
үйл явцад чин сэтгэлээсээ оролцох хүсэлгүй байгаа тохиолдолд, хэлэлцээ үр дүнд
хүрэхгүй тохиолдолд авах арга хэмжээний хувилбарыг хэлэлцсэн байна.
Макроны хэлснээр, хэлэлцээ хийхийн өмнө гал зогсоох нь зүйтэй гэсэн санааг
Трамп дэмжиж байсан бол одоо энэ бодлоо орхижээ. Энэ нь “энхийн хэлэлцээг ойрын
үед байгуулах боломжтой” гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч итгэлтэй байгаагийн шинж хэмээн үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч илэрхийллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэлэлцээг бөмбөгдөлтийн дор хийдэггүй, ийм нөхцөлд
байгуулсан энхийн хэлэлцээ хэврэг байдаг, тиймээс аюулгүй байдлын
баталгааг зөвшилцөх нь гол асуудал мөн” гэв.