Лаосын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-08-23 19:18:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан-ы 2025 оны 08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.


Айлчлалын хүрээнд сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.


Түүнчлэн Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож, тус форумыг 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн даргалах нэр хүндтэй үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгөв.


Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, тээвэр логистик, эрүүл мэнд, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт эрчимжүүлэхэд бодит ач холбогдолтой болов хэмээн ГХЯ-наас мэдээллээ.


Связанные новости