Ж.Соёмбо: “Чингис хааны тагнуулын нууц товчоо” монгол бахархлын хүрээг тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-01 15:06:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Чингис хааны тагнуулын нууц товчоо” номын зохиогч, судлаач Жоёмботой ярилцлаа.


Тэрбээр “Чингис хааны тагнуулын нууц товчоо”, “Хилийн чанадад”, “Гэмт халдлагаас хамгаалах гарын авлага”, “Надад бүү худлаа ярь”, Худлаа ярьж байгааг яаж мэдэх вэ?, “Сурагчийн аюулгүй байдал”, “Баруунд мандсан нар”, “Эх орны манаанд”, “Муухай монгол хүн” зэрэг 20 гаруй бүтээлийг олны хүртээл болгожээ.


-“Чингис хааны тагнуулын нууц товчоо” номын талаар яриагаа эхлэх үү?

-XIII зууны монголчууд тухайн үедээ бусад улстай харьцуулахад хүн ам хэд дахин цөөн, цэргийн хүчин чадал нь орчин үеийн Монголын нэг аймгийн иргэдтэй тэнцэхүйц буюу 100 мянга орчим байсан гэдэг. Гэхдээ Чингис хаан хүчний хувьд хэд дахин илүү, дайснуудтай олон удаа тулгарахдаа тооноос чанарт шилжих хуулийг гайхамшигтай ашиглаж, нэг ч ялагдаж байгаагүйг түүхийн эх сурвалжууд өгүүлдэг. Ялалтуудынхаа үр дүнд бидний амьдарч буй өнөөгийн ертөнцөд тив дамнасан хамгийн том Евроазийг байгуулж, санаанд багтамгүй асар богино хугацаанд дэлхийн улс төрийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн. Түүний захирч байсан хил хязгаарт 3 тэрбум орчим хүн, 30 орчим улс өдгөө оршин тогтнож байна. Энэ бол их эзэн хааны тагнуулын ухааны гайхамшгийг харуулсан сонгодог жишээ. Тиймээс “Монгол бахархал"-ын хүрээг тэлэх, үндэсний аюулгүй байдлын дархлааг нэмэх зорилгоор номоо олны хүртээл болгоод байна.


-Ингэхэд ном бүтээх санаа хаанаас төрсөн бэ?

-“Монголын нууц товчоо”-г уншихад “Алхинч” гэх үг 10 гаруй удаа таарч, үүний цаана тагнуулын сэтгэлгээ, арга ухаан нуугдаж буйг олж харснаар судалгааны бүтээл гаргах сэдэл төрсөн юм. Хоёр жил гаруй хугацаанд судалгаа хийсэн. "Алхинч" гэдэг үгийн утгыг Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэд “тагнуул”, “туршуул”, “мэдээ чимээ сураглах хүн”, “мэдээлэгч” зэргээр орчин цагийн монгол хэлнээ буулгасан байдаг. Судалгааны явцад “Монголын нууц товчоо”-ноос бусдыг сэм дагасан, яриаг нь нууцаар чагнасан, болзоот уулзалт зохион байгуулсан, тагнуулын хуурч төөрөгдүүлэх, нэвтрэх арга ашигласан тухай мэдээ баримтууд илэрч байлаа. Мөн Чингис хаан гэмт "этгээд"-ийг хэний ч санаанд оромгүй сонгодог аргаар илрүүлж, төрийн нууц задруулсан этгээдийг шийтгэсэн, төрийн эсрэг хуйвалдааныг таслан зогсоосон зэргээс гадна тагнуулын хүн судлалтай холбоотой мэдээ, баримт олноор тэмдэглэсэн нь үнэхээр сонирхол татаж байв. Эл судалгаа нь бидний хувьд монгол хүн, нүүдэлчин соёлоороо бахархсан, омогшсон түүхэн гэмээр он жилүүд байсан. Улмаар энэ бүтээл монголчуудын нэр хүндийг дэлхийд өсгөх, монгол судлалыг шат ахиулах, монгол залуусыг өвөг дээдсээрээ бахархах, хойч үеийн эх оронч, үндэсний үзлийн төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт зохиогчийн хувьд итгэлтэй байна.


-Монголчуудын нүүдэлчин ахуй, монгол хүний тагнуулын сэтгэлгээний талаарх мэдээлэл сонирхол ихэд татаж байна?

-Чингис хааныг өнөөдөр дэлхий дахинд нүүдэлчдийн амьдралын хэв маягийн бүх л арга ухааныг цэрэг, тагнуулын ажиллагаанд бүрэн ашигласан оньсого мэт удирдагч гэдэг. Энэ бол нүүдэлчдийн сэтгэлгээг тагнуулын ажилтай харьцуулахад хүргэдэг. Учир нь, тагнуулын ажилтан өдөр тутмын ажил хэрэгтээ хариуцсан чиглэлийнхээ нөхцөл байдал, өөрчлөлтийг судлах, улс орон, ард түмний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ мэдээлэл цуглуулна. Түүнчлэн дайсны үйл ажиллагааны талаар тодорхой шинж тэмдэг эрж хайх, мөрөөр нь арга хэмжээ авах, дүн шинжилгээ хийдэг. 


Тагнуулын мэдээлэл цуглуулах нь аливаа дайсагнасан санаархлыг гэрчилж болох шинж тэмдгийг илрүүлэхэд чиглэдэг. Харин нүүдэлчин ахуйд тагнуулын гэж хэлж болохуйц сургалт бараг өдөр бүр давтагддаг гэж болно. Тодруулбал, монголчууд дэлхийд гайхагдах шинжээч үндэстэн. Нүүдэлчид орой унтах, өглөө сэрэхдээ тэнгэрийг шинжин, малаа хааш бэлчээх, юунаас сэрэмжлэх зэргийг, мөн аянга цахилгаантай, салхи шуурга, бороо цастай эсэхийг таамаглан мэддэг ард түмэн. Таамаглалыг эртний уламжлалд тулгуурлан нэлээн нухацтай хийж заншсан.


Тухайлбал, нүүдлийн шувууд хэр дээгүүр эсвэл доогуур нисэж буцсанаар ямар өвөл болохыг, мөн амьтдын бөөгнөрөл тархалт, ичээний байдлаар өдөр, сар, улмаар өнөө болон ирэх жилүүдийн өнгийг шинжих мэдээ олдог. Мөн ургамлын навч, цэцгийн хэлбэр өөрчлөгдөх, нар сар, од гаргуудын харагдах байдалтай холбогдсон шинж тэмдгээр цаг агаарыг шинжиж, шаардлагатай мэдээ олох чадвар зөвхөн нүүдэлчин ард түмэнд бий.


Түүнчлэн хүн, малд аюултай зэрлэг амьтдын мөр илэрсэн тохиолдолд түүнийг шалгах, мөрийг мөшгих, байнгын сонор сэрэмжтэй байхыг бусдад сануулах, тэдний аюулаас урьдчилан сэргийлэх, хуурч төөрөгдүүлэхээр мануухай босгож, хуурамч хүний дүрс ашиглах зэргээр тагнуулын ажилтай төстэй нөхцлийг бүрдүүлдэг. Монголын уудам тал хээр нутагт мал маллаж, ан гөрөө хийж өссөн хүн сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвар сайтай байдаг.


Нүүдэлчин амьдралд төрж, өссөн монгол хүн тагнуулын сэтгэлгээ сайтай учир сайн тагнуулч болох магадлал ихийг Монголын түүхэнд тодорсон тагнуулчдын амьдралын замнал, үйл хэрэг баталдаг. Учир нь, тагнуулын сургуулийн танхимийн сургалтаар эзэмшихэд хүндрэлтэй тусгай албаны ажилтны сэтгэл зүй, ур чадварын суурь болох олон чухал зан чанар Монголын тал нутагт төлөвшдөг. Жишээ дурдвал, монгол хүн эх нутгийнхаа төлөө амиа ч зориулахаас буцдаггүй, зарлиг үг, цаазыг ёсчлон биелүүлдэг, хэлснээсээ буцдаггүй, зорьсноосоо няцдаггүй, хүн, газар орныг таних онцгой чадвартайг онцолж болно. 


-Чингис хааны тагнуулын үйл ажиллагааг дэлхий дахинд таниулах зорилгоор онцгойлон нэр өгч, тунхаглахыг зорьсон нь анхаарал татаж байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Чингис хааны дэлхийн талыг эзэлсэн нууц нь их хааны гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой. Орчин цагт хэрэглэж буй тагнуулын мэдээ мэдээлэл олох аргууд болох хуурч төөрөгдүүлэх, сэтгэл зүйн дайн хийх зэргийг Чингис  хаан XIII зуунд байж болох хамгийн төгс хувилбараар зохион байгуулсан. Тухайлбал, Их эзэн хаан тагнуулын хуурч, төөрөгдүүлэх ажиллагааг чадварлаг зохион байгуулж, өөрийн цэргийн хүч чадлын дутууг эсрэг талаа гэнэдүүлэх, сонор сэрэмжийг нь алдагдуулах, зохиомол орчин бий болгож, хуурамч мэдээ тараах, айлган сүрдүүлэх зэргээр нарийн боловсруулсан тусгай арга хэмжээгээр нөхөж чаддаг байжээ.


Чингис хааны зохион байгуулсан тагнуулын ажиллагааг үндэслэл болгон ”Саарал агт”, “Түүдэг”, “Загаварчлал”, “Нэвтрэлт”, Цохилт зэргээр нэршүүлсэн нь маш оновчтой санаа байсан. Мөн “Тагнуулын алтан аргамжийн бодлого” гэдэг нэр томьёо анх удаа тэмдэглэгдсэн. Энэ бол Чингис хааны “Алтан аргамжийн бодлого” дэлхий дахинд энх амгаланг тогтоох чиглэлээр тагнуулын өргөн мэдээ мэдээлэл цуглуулах маш үр дүнтэй бодлого байсан нь судалгааны явцад илэрхий болсон. Мөн Чингис хааны аюулгүй байдал, тагнуулын зааварчилга, хэрхэн соёлтой дайтах вэ? гэсэн зарчим анхаарал татаж байв. Улмаар цэргүүдээ гадны ямар нэг нөлөөнд автуулахгүй байхын тулд хэд, хэдэн дүрмийг баримталдаг байж.


Дайны талбараас зугтахгүй, ямар нэг байдлаар ухарсан тохиолдолд буцаад тэр газраа ирэх, эс ирвээс цаазлах, байлдааны нутаг дэвсгэрээс янз бүрийн олз олбол шууд авахыг хориглоно. Харин дайтаж, дууссаны дараа олзыг хувааж хэзээд болно гэх зэргээр дүрэм журам тогтоодог байв. Үүнээс дүгнэхэд Чингис хааны нүүдэлчин ахуйд бий болгосон тагнуулын арга ухаан дэлхийн талыг эзлэхэд онцгой хувь нэмэр оруулсан гэж болно. Ялангуяа тагнуулын хуурч төөрөгдүүлэх аргыг дайны үед, дайн эхлэхээс өмнө чадварлагаар хэрэгжүүлж байсан нь өөрөөсөө илүү хүчтэй улс орныг байлдан дагуулахад чухал нөлөөлжээ.


-Чингис хааныг дэлхий дахин суут удирдагч, энхтайвныг тогтоогч байсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ ойлголтыг бататгахад таны бүтээл хэрхэн нөлөөлөх вэ?

-Монголчуудын бахархал бол Чингис хаан. Тэрбээр элч илгээж, сөргөлдөөнөөс зайлсхийдэг, дипломат аргаар асуудлыг шийдэхийг эрмэлздэг, бусдын соёлын үнэт зүйлд халдаагүй удирдагч байсан. Чингис хааны тагнуулын нууц товчоо бүтээл үүнийг шинэ өнцгөөс харж, түүхээ илүү ухамсарлах, үндэсний бахархал дархлааг сэргээхэд түлхэц болно хэмээн найдаж байна.


-Таны номын зураг үйл явдлуудыг маш сайн дүрсэлсэн байсан. Ямар зураач зурсан бэ?

 -Номын зургийг бурхан урлаач, зураач Ц.Энхмандах зурсан. Үүнд маш их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан. Зөвхөн “Чингис хааны тагнуулын нууц товчоо” номын агуулгад тохирсон агуулга өнгө төрхийг гаргаж, цоо шинээр зурсан 30 гаруй зураг бий. Энэ бол зураач Ц.Энхмандахын дүрслэх урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр юм. 


-Та номоо англи, орос хэлээр орчуулан гаргаж байгаа зорилго юу вэ?

-Монгол ухаан, сэтгэлгээг дэлхийд таниулах үүднээс эхний ээлжид англи, орос хэлнээ хөрвүүлэн хэвлэлтэд шилжүүлээд байна.  Монголын өв соёлоос бид дэлхийд харуулах зүйл асар их бий.


-Таны бүтээл үндэсний бахархалд ямар хувь нэмэр оруулна гэж үзэж байна вэ. Үндэсний бахарлыг бий болгох гол хөшүүрэг нь юу вэ?

-Монголчуудын үндэсний бахархлын тулгуур хүчин зүйл бол “Монголын нууц товчоо” юм. Монгол Улс цаашид хэрхэн оршин тогтнох, оюуны ямар чадамжтай, иргэд, ард түмэнтэй байх вэ, эх орондоо хайртай, эх оронч үндэсний үзэлтэй хойч үеэ бэлдье гэвэл түүхийн баримтуудыг үеийн үедээ маш сайн судалж, сурч, сургамжлах учиртай. Ер нь Чингис хаанаас өмнө ч, хойно ч хэдэн мянган жил өнгөрөхөд дэлхийн талыг эрхшээж, энх амгалан байдлыг тогтоосон, тухайн үед хүн төрөлхтний эсрэг аюул занал учруулж байсан, цаашид ч учруулж болзошгүй асуудал бүрийг цэгцэлж, эмхэтгэж явсан их удирдагч одоо ч байхгүй л байна шүү дээ. Тиймээс энэ суут хүний үйл хэргийг өгүүлсэн “Монголын нууц товчоо”-г залуустаа тэдний сонирхолд нийцсэн хэлбэрээр агуулгыг алдагдуулалгүйгээр уншуулж судлуулдаг, үндэсний бахархал үзлийг бий болгоход гойд анхаарах нь үндэсний язгуур эрх ашгийг бататгах бодлогын чухал хэсэг юм.

Связанные новости