ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын дулааны шугам сүлжээг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-03 12:03:00

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 12 км дулааны шугам сүлжээг гурван жилийн хугацаанд шинэчлэх юм. Үүнээс энэ жил 5,13 дугаар багт 3.2 км шугам сүлжээг тавина.


Ажлын хүрээнд таван хэсэгт авто зам сэтлэх, гүн нүх ухах, газар чөлөөлөх зэрэг нөхцөл үүсэж байгаа учраас Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат ажлын багийн хамт газар дээр нь ажиллаж, аюулгүй байдалд анхаарах үүрэг чиглэлийг өглөө. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх талаар онцгой анхаарахыг хүссэн юм.



Хоёрдугаар хэлхээний шугам сүлжээнд хэрэглээний, дулааны, цэвэр усны таван хос шугам багтах бөгөөд 10 дугаар сарын 1-ний гэхэд ажлыг дуусгаж, халаалт өгөхөөр ажиллаж байна.


Тус сумын хэмжээнд 16 мянган метр орчим дулааны шугамыг тавьсан. Гэвч 1970-аад оноос хойш шинэчлэл, засвар үйлчилгээ хийгээгүй тул цоорох, ус алдах, эвдрэх асуудал гарсаар байна.

 

Связанные новости