Г.Занданшатар: Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө Евроазийн зах зээл нээлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-04 08:29:53

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө 183 сая хүн амтай Евроазийн зах зээл нээлттэй байна. Бид энд бүтээгдэхүүнээ таниулах боломжтой. Хөдөө аж ахуйн салбар цаашид эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэх шаардлагатай” байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХХААХЯ болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзах үеэрээ тодотгов.


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгосон. Засгийн газраас 10 хувийн хүүгийн хөнгөлөлтийг шийдсэнээр газар тариалан, мал аж ахуйн хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилготой"-г хэллээ. 


Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх, үйл ажиллагааг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож байгаа. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 6000 тн ноолуур бэлтгэснээр нийт түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсрууллаа. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байгаа” хэмээв.


Харин “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2525 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний дүнд хүнсний боловсруулах 25 үйлдвэр шинээр ашиглалтад оруулж, 22 үйлдвэрийг өргөтгөн, 22 үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Өнгөрсөн онд зоорийн багтаамжийг 15, үтрэмийнхийг 7, тариалангийн талбайг 13 хувиар нэмжээ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нэр төрлийг 37 хувиар нэмж, 2500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна.


Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр ХХААХҮЯ-ны Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаа нь зөв шийдвэр байсныг дурдаад, “Мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хамтдаа цогцоор хөгжих ёстой гээд Монгол Улсын эдийн засаг оны хагас жилд 5.6 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй байсныг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбар хамгийн их ажлын байр бий болгодог тул цаашид улам төрөлжүүлэн хөгжүүлэх нь Засгийн газрын зорилго байх болно гэдгийг тодотголоо. 

Связанные новости