Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-04 10:56:13

БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 4 /DW/. Европын Комисс /ЕК/ лхагва гарагт Өмнөд Америкийн Меркосур холбоотой худалдааны томоохон хэлэлцээр байгуулжээ. Одоо хэлэлцээр хүчин төгөлдөр болохын тулд Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орноос хамгийн цөөндөө 15 нь батлах ёстой юм. 


Меркосуртай хийсэн яриа хэлэлцээ 1999 онд эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа зогсонги байдалд орж байлаа. ЕК мөн Мексиктэй худалдааны хэлэлцээр байгуулжээ. ЕК-ын тэргүүн Урсула фон дер Ляйен X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, уг хоёр хэлэлцээрийг “түүхэн үйл явдал” хэмээн сайшаагаад, ЕХ худалдааны харилцаагаа төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг онцлов. 


Меркосур нь Бразил, Аргентин, Боливи, Парагвай, Уругвай улсуудаас бүрддэг. Энэхүү хэлэлцээрийн дагуу Меркосурын гишүүн орнууд авто машин, машин механизм, эмийн бүтээгдэхүүн зэрэг ЕХ-ны импортын 91 хувьд ногдуулах татварыг аажмаар цуцлах ажээҮүний хариуд Өмнөд Америкийн таван орон ЕХ-нд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдээ цөөн хязгаарлалттайгаар борлуулах боломжтой болох юм. ЕХ-ны орнуудын хөдөө аж ахуйн салбарынхны зүгээс гадаадын шударга бус өрсөлдөөнд өртөж болзшгүй гэж үзэн уг хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр иржээ.


Лхагва гарагт Францын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Софи Примас хэлэхдээ, комисс хэд хэдэн орны “нөхцөлүүдийг сонссон” гэжээ. Франц бол ЕХ-ны хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэгч орон бөгөөд Меркосурын гэрээний талаар байр сууриа байнга илэрхийлдэг юм. Харин ЕК-ын мэдэгдэлд тус холбооны эдийн засгийн үр өгөөжийг онцлон тэмдэглэсэн байна. “ЕХ-ны бизнес эрхлэгчид, ЕХ-ны хөдөө аж ахуйн салбарынхан тариф, зардал буурсны үр шимийг даруй хүртэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна гэж У.Ляйен хэлснийг уг мэдэгдэлд эш татжээ.


Мексиктэй хийсэн хэлэлцээрийн тухайд ЕК мэдэгдэхдээ, тус улс нь ЕХ-ны хамгийн урт удаан хугацааны турш харилцаж буй худалдааны түнш хийгээд Латин Америкийн хоёр дахь том худалдааны түнш гэдгийг цохон тэмдэглээд, хүнсний импортлогч орон учраас энэхүү гэрээ нь ЕХ-ны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчдод ихээхэн ашиг тусаа өгөх болно гэдгийг онцолсон байна.


Энэ оны долоодугаар сард Меркосур нь ЕХ-ны орнуудтай худалдааны нягт харилцаатай боловч тус холбооны гишүүн бус орнууд болох Швейцар, Норвег, Лихтенштейн, Исландаас бүрддэг Европын чөлөөт худалдааны холбоотой /EFTA/ худалдааны гэрээ байгуулжээ.

Связанные новости